Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан гадаадаас тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэдийн тусгаарлалтын хугацааг арав хоногоос хэтрүүлэхгүй байх чиглэлийг өгчээ.
Энэ талаар ЗГХЭГ-ын ХМХХ-ийн дарга Ц.Ганзориг: "Энэ сард хоёр тусгай үүргийн нислэгийг нэмэхээр ажиллаж байна. Өмнөх саруудад чартер нислэгийг 4-5 удаа нисгэдэг байсан бол ирэх гуравдугаар сард энэ тоог гурав дахин нэмэгдүүлж, 12 болгохоор төлөвлөж байгаа.
Мөн гадаадаас ирсэн иргэдийг 14 хоног зочид буудал буюу тусгаарлах байранд тусгаарладаг байсан бол одоо тус хоног хугацааг арваас хэтрүүлэхгүй байх чиглэлийг Шадар сайдын зүгээс өгсөн бөгөөд холбогдох бэлтгэл ажлуудыг хийгээд явж байна. Ингээд тусгаарлах байрны хоног хугацаа багасаад ирэх юм бол гадаадаас иргэдээ татах ажлын хурд ч мөн нэмэгдэх болно.
Одоогоор явцын мэдээллийг өгөхөд ийм байгаа бөгөөд удахгүй эцэслэн мэдээлэх болно" хэмээсэн юм.
Гадаадаас ирсэн иргэдийг тусгаарлах хугацааг 10-14 хоног болгох нь тухайн иргэний ирсэн улсын халдварын нөхцөл байдлаас шалтгаалах төлөвтэй байна. Их Британи зэрэг цар тахлын халдварын нөхцөл байдал хүнд, коронавирусийн шинэ хувилбар бүртгэгдэж буй улсуудаас ирсэн иргэдийг 14 хоног тусгаарлах бол БНХАУ, Тайвань зэрэг халдварын түвшин харьцангуй багатай улсуудаас ирсэн иргэдийг 10 хоног тусгаарлах юм.
10 хоногийн тусгаарлалтын дараа иргэдийг гэрт нь илгээн, тусгай аппликейшнээр дамжуулан хөдөлгөөнийг нь хянах аж. Мөн иргэдийг тусгаарлаж буй зочид буудлуудыг гурван төрөлд хуваах санал яригдаж байгаа билээ.
УОК өнөөдөр орой энэ асуудлаар хуралдан, эцэслэн шийдвэр гаргах юм.