УОК-оос гаргасан шийдвэрийн дагуу хөл хорионы өдрүүдэд ажиллах зөвшөөрөлтэй 14 байгууллагын ажилчдын 10-15 хувийг ажиллуулах зөвшөөрөл олгосон. Харин өнөөдрөөс эхэлж /2021.02.15/ төрийн албан хаагчдын 5 хүртэлх хувийг ажиллуулах журам гарчээ. Энэ талаар ЦЕГ-аас дараах тодруулгыг хийлээ.
ЦЕГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан "УБ хотын захирагчийн албанаас дэлгэрэнгүй судалгаа хийж байна. Хүнсний үйлдвэрүүд хязгаарлалтын үед ажилтнуудынхаа 10-15 хувийг тээврийн хэрэгслээр татаж авч зохион байгуулна гэж тохирсон. Гэхдээ гэр-ажил-гэр гэсэн маршрутаар л явна. Өөрөөр хэлбэл тухайн өдөр ажиллах ажилтныг өглөө гэрээс нь авч, өдөр нь ажлаа хийхэд нь машинаараа үйлчилж, орой машинаар гэрт нь хүргэнэ.
Хүнсний түгээлтийг тасалж болохгүй учраас хүнсний зах худалдааны төвүүдийг ажиллуулах шийдвэр гарсан. Гэхдээ хуваарийн дагуу ажиллана. Нэг хүнсний үйлдвэрийн хэдэн машин хөдөлгөөнд оролцох, хаагуур ямар маршрутаар аль дүүрэгт явах зэрэг нарийн төлөвлөлт гарсан. Хүнсний 6-аас дээш нэрийн дэлгүүрүүд хүнсээ татаж авах, хүргэх, түгээлт хийх ажлыг Нийслэлийн Захирагчийн албанд дээр хийсэн хуваарийн дагуу зохион байгуулна. Мэдээлэл аваагүй дэлгүүрүүд байвал яаралтай Нийслэлийн Захирагчийн алба руу холбогдоорой.
Өнөөдрийн байдлаар төрийн албан хаагчдын 5 хүртэлх хувийг ажиллуулахаар бүх яамд, агентлагуудтай тохирсон. Гэвч өнөөдөр өглөө замын хөдөлгөөнд нилээн ачаалал өглөө. Төрийн байгууллагууд доторх зохион байгуулалтаа муу хийснээс ийм зөрчил гарлаа.
Мобиком, Юнител гэх мэт сүлжээний компаниуд ажиллах ёстой. Тэд бас дотоод зохион байгуулалтаа сайн хийж, эвдрэл гэмтэл гарвал дүүргээр нь хувиарлах юм уу, яаж шуурхай завсарлах гэх мэт дотоод зохион байгуулалтаа яаралтай хийх шаардлагатай байна. Эмийн сангуудын эм түгээлтийг хариуцсан байгууллага гэж бий. Тэд мөн бүлэг ангилалдаа орж ажиллахыг хүсэж байна.
Иргэд автобусаар зорчих гэсэн оролдлого их хийж байна. Ингэж болохгүй. Зөвхөн зөвшөөрөгдсөн албан хаагчид ПСР шинжилгээ, байгууллагын тодорхойлолт, ажлын үнэмлэхээ үзүүлж зорчино" гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.