Улсын онцгой комиссоос гаргасан чиглэлийн хүрээнд өнгөрсөн 24 цагт хийсэн шинжилгээний хариуг танилцуулж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Д.Амбасэлмаа: Өнгөрсөн 24 цагт хийсэн шинжилгээнээс 32 хүнээс коронавирус илэрлээ. Үүний зургаа нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ" шинжилгээг хийх явцад илэрсэн.
Өнөөдрийн байдлаар 655 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлын хувьд 565 хүн хөнгөн, нэг хүн маш хүнд, бусад нь хүндэвтэр байна. ХӨСҮТ-д 223 хүн эмчлэгдэж байгаагаас маш хүнд нэг хүн энд бий.
Коронавирус илэрсэн 32 тохиолдлыг задалж үзвэл БГД-ээс 7, БЗД-10, СХД-3, ЧД-5, Налайх дүүргээс 1, СБД-ээс 1 илэрлээ.
СБД-ийн 116-р сургуулиас хамааралтай голомтоос 14 тохиолдол, "Монгол шир" ХК-ажилчдаас гаралтай голомтоос 135, "Амгалан" амаржих газартай холбоотой голомтоос 69, Наркологийн төвөөс гаралтай голомтоос 69 тохиолдол илрэх зэргээр сүүлд илэрсэн голомтууд улам идэвхжиж байна. Харин 21-р хорооллын худалдааны төв, гутлын цех гэх мэт голомтуудын хүрээ хязгаарууд хумигдаж эхэллээ.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд: “Нэг хаалга- Нэг шинжилгээ” үйл ажиллагааны хүрээнд 143 000 хүнийг хамрууллаа. Үүнээс 11 тохиолдол бүртгэгдлээ. Ойрын хавьтал зургаа байна. Нэг халдвартай хүний ард 4-5 хавьтагч байдаг учраас ард иргэд маань сэрэмжлэх хэрэгтэй байна. СХД өнгөрсөн хугацаанд 16 700 хүнийг шинжилгээнд хамруулсан. Тус дүүрэгт 13 байнгын цэг, 50 явуулын баг ажиллаж байна.
ЦЕГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан: Улаанбаатар хотод зохион байгуулагдаж буй хязгаарлалт хэв журмын нөхцөл байдлыг товч мэдээлье. Өнөөдрийн байдлаар төрийн албан хаагчдыг 5 хүртэлх хувийг нь ажиллуулна. Дотроо зохион байгуулалт муу хийснээс өнөөдөр өглөөний байдлаар хотын хөдөлгөөн нэмэгдсэн. Иргэд автобусаар зорчих гэсэн оролдлого их гарч байна. Аль болох хөдөлгөөн бага байсны үр дүнд халдвар айлын босгоор орохгүй.
-ПСР шинжилгээгээ үзүүлж байж замын хөдөлгөөнд оролц гэсэн шаардлага тавьж байна. Ямар зохицуулалт хийж байгаа юм бэ?
-Төрийн албан хаагчтай нийлүүлээд 200 гаруй мянган өрхөд шинжилгээ хийсэн. ПСР шинжилгээ гурав хоногийн хугацаанд хүчинтэй. Нэг айлаас нэг иргэн шинжилгээ өгнө. Хөл хорионы үеэр ажиллах зөвшөөрөлтэй 14 байгууллагын 10-15 хувьд нь л ажиллах зөвшөөрөлтэй учраас бид энэ журмаа л барина. СХД-ээс эхэлж байгаа боловч зургаан дүүрэгт 17 байнгын цэг байгуулна. Хүнс түгээлт, нийтийн үйлчилгээнд хамрагдах 24 мянга гаруй хүмүүсийг энд шинжилгээнд хамруулна. Энэ цэгүүд дээр очоод тухайн ажиллах зөвшөөрөлтэй хүн шинжилгээгээ өгнө.
-Вакцинжуулалт хэзээ эхлэх вэ? Ямар хүн вакцин хийлгэж болохгүй вэ?
-Хөл хорио 23-нд дуусна. Тухайн өдрөөс вакцинжуулалт эхэлнэ. ДЭМБ-аас одоогийн байдлаар яаралтай горимоор хэрэглэх вакциныг зөвшөөрсөн. Манай улс дөрвөн төрлийн вакцин оруулж ирэхээр тохирсон. Тээвэрлэлтийн асуудлыг төлөвлөөд явж байна. Хадгалалт тээвэрлэлтийн тал дээр ХӨСҮТ дээр үндэсний агуулах бий. Хөргүүр бусад тоног төхөөрөмжийг суурилуулж бэлтгэл ажлыг бүрэн хангасан.
Ковакс хөтөлбөрөөр хүн амын 20 хувийг вакцинжуулна. 40 хувийг улсын төсвөөс хийх ёстой. Төсөвт хөрөнгө суусан. Худалдан авалт болон тээвэрлэлт яригдаж байна. Ер нь бол нийт хүн амын 60 хувийг вакцинд хамруулна. 0-18 насны 1,2 сая хүнийг хамруулахгүй. 18-аас дээш насны 2,0 сая орчим хүнийг вакцинжуулна. ДЭМБ-аас өгсөн зөвлөмж ийм юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.