Энэ сарын 11-ний өдөр хатуу хөл хорио, хязгаарлалтын дэглэмд шилжиж "Нэг өрх-Нэг шинжилгээ" бүх нийтийг шинжилгээнд хамруулах хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн хоёр хоногийн хугацаанд 91,000 иргэнээс шинжилгээ авахад тандалтын хүрээнд нийт 4 тохиолдол илэрлээ.
Харин тусгаарлах байранд хийсэн шинжилгээнээс өнөөдөр 44, өчигдөр 38 коронавирусийн тохиолдол илэрсэн байна. Өөрөөр хэлбэл өчидгөр нийт 40, өнөөдөр 46 тохиолдол илэрсэн гэсэн үг юм.
Үүнээс харахад далд хэлбэрээр дам хавьтлын дунд буюу массын дунд нууц үе, халдварын тархалт харьцангуй нам жим байна гэж хэлж болохоор байна. Энэ нь иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайн хэрэгжүүлж байгаатай холбоотой гэж үзэж байна.
"Нэг өрх-Нэг шинжилгээ" хөтөлбөрийн хүрээнд 12 хоногийн турш 411,000 өрхөөс шинжилгээ авах ажил нь халдварын голомтуудыг илрүүлэх, хумих, иргэдээ вакцинжуулалтад шат дараалалтай хамруулах үндсийг бүрдүүлэх болоод 24-ний өдөр бизнесийг нээх бэлтгэлийг хангах гэсэн гурван үндсэн зорилготой юм.
Өнөөдөр төлөвлөснөөр нийт зургаан дүүргийн 20,000 өрхөөс коронавирусийн шинжилгээ авахаар төлөвлөж байна. Маргааш захын хорооллуудыг PCR шинжилгээнд хамруулна. Олон нийтийг хамруулж байгаа шинжилгээний хариу 24 цагаас илүү удаж гарч байгаа гэдгийг иргэдэд сануулах нь зүйтэй.
Ийнхүү нийт 100,000 гаруй айл өрхийг шинжилгээнд хамруулснаар тархалтын ерөнхий дүр зураг эхний ээлжинд гарна гэж таамаглаж байна.
Мөн зарим тохиолдолд зайлшгүй ажиллах ёстой 14 байгууллага, аж ахуйн нэгжийн жолооч, ажилтнуудаас PCR-ын шинжилгээ өгөхийг шаардаж байна гэсэн гомдол гарсан. Ийм зүйл байхгүй ба энэ нь ойлголт, хандлагын зөрүүнээс гарч буй алдаа тул бид аль болох зүгшрүүлэхийг хичээж ажиллаж байна.
Цагдаагийн 6,000 ажилтан хаанаа ч хүрэхгүй байгаа тул 4,700 эмэгтэй төрийн албан хаагчийг эхний өдөр дайчилсан байсныг буулгасан. Одоогоор 10,000 эрэгтэй төрийн албан хаагчийг дайчлан ажиллуулж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.