Монгол Улсын Ерөнхий сайд эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөг танилцууллаа.
Орон сууцжуулах төсөл хөтөлбөрт Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 3-4 их наяд төгрөг зарцуулахаар төлөвлөжээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
"Орон сууцжуулах гурван их наяд төгрөгийн цогц хөтөлбөр боловсруулна. Нэг их наяд нь төрөөс газрыг үнэгүй олгох, нэг нэгдсэн зургаар орон сууц барих /ингэсэн тохиолдолд үнийн бодлого дээр Засгийн газар оролцоно/, цемент болон арматур төмөр дээр Засгийн газрын онцгой хөнгөлөлт үзүүлэх, зээлийн батлан даалтын сан болон дэд бүтцийн асуудлыг Засгийн газар хариуцах, тухайн хороолол баригдах гэж буй газруудын төрийн үйлчилгээг төр хариуцах /цэцэрлэг, сургууль гэх мэт нийгмийн барилга байгууламжийг төр барина/ зэргээр орон сууцжуулах цогц хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
Тодорхой хэмжээний хөнгөлттэй зээлийг барилгын компаниудад санал болгоно. Нэг үгээр хэлбэл үнэгүй газар, үнэгүй дэд бүтэц дээр барилгын компаниуд Засгийн газартай хамтарч ажиллана гэсэн үг.
Барьсан байраа зарахад нь Засгийн газар бодлогоор дэмжинэ. Мкв-ийн үнийг шат дараалан бууруулах бодлого барина. Нэг мкв-ийн үнийг тодорхой түвшинд буулгаж стандартад нийцүүлж чадвал тэр байрны ипотекийн зээлийн санхүүжилтэд хоёр их наяд төгрөгийг Засгийн газар зарцуулна. 30 жилийн хугацаатай, сар тутамд олгох дүн нь 100 тэрбум төгрөг. Энэ мөнгө хангалтгүй байвал дахин нэг их наяд төгрөг нэмж гаргана.
Цаашдаа орон нутагт ипотекийн зээлийн зургаан хувийн хүүг багасгах бодлого барина. Төвлөрлийг сааруулах чиглэлийг давхар дэмжинэ" гэлээ.
Сангийн сайд Б.Жавхлан:
"Ипотек маань өөрөө эдийн засгийн түргэсгэдэг том салбар. Нийгэм эдийн засгийн аль аль талын ач холбогдолтой. Барилгын салбар болон иргэдийн эдийн засгийг идэвхжлийг нэмдэг. Ипотекийн зээлд орох иргэн ажилтай орлоготой байх ёстой. Нэгэнт зээлэнд орсон иргэн ажлын байраа хадгалахын тулд хичээдэг шүү дээ. Ийм хүртээмжийг нэмэх чиглэлээр Засгийн газар онцгой анхаарч ажиллана. Ипотекийн зээл 8-аас 6 хувьд шилжсэнээс хойш анх удаа өндөр хэмжээний зээл гарчээ. Жилдээ 1,2 их наяд төгрөгийн зээл гарвал барилгын салбарын схем бүтэн ажиллахаар байна. Өнгөрсөн жилийн туршид 30 000 ордер бичигдсэнээс 15 000 нь шинэ орон сууц байна. Энэ бол цогц арга хэмжээний нэг суурь байгаа. Хүртээмжийг нь нэмэгдүүлж, бүрэн агуулгаараа хэрэгжинэ гэж тооцоорой" гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.