Англи улсад ирж буй иргэд тус улсын Засгийн газраас тогтоосон хоригийн жагсаалтад багтсан улс оронд аялсан эсэх талаараа худал мэдүүлэг өгсөн тохиолдолд 10 хүртэлх жилийн хорих ял сонсож магадгүй болжээ. Энэ нь коронавирусийн цар тахалтай холбоотой шинэ хилийн бодлогын хүрээнд авч буй арга хэмжээ аж.
Энэ долоо хоногийн даваа гарагаас эхлэн "Улаан жагсаалт"-д багтсан улсуудаас Англид ирж буй Их Британи, Ирландын оршин суугчид 2,400 ам.долларын үнэтэй "Хорио цээрийн багц"-ыг худалдаж авах шаардлагатай гэж Эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкок мэдэгджээ. Тус багцад байрлах газар, халдварын шинжилгээ болон бусад зүйл багтах аж.
Дүрэм журмыг дагаж мөрдөөгүй хувь хүмүүс, тэр дундаа "Улаан жагсаалт"-д багтсан орноос ирэхдээ урьдчилан зочид буудлын өрөө захиалаагүй иргэдэд хэд хэдэн төрлийн торгууль ногдуулах гэнэ. Мэтт Хэнкок энэ талаар "Манай улсын нийгмийн эрүүл мэндийн түүхэн дэх хамгийн том аюулуудын нэг үүсээд байгаа тул энэхүү чанга хатуу арга хэмжээнүүдийн төлөө би уучлалт гуйхгүй. Эдгээр дүрмийг зөрчиж буй хүмүүс бид бүгдийг эрсдэлд оруулж байна" хэмээн хууль тогтоогчдод хэлжээ.
Коронавирусийн цар тахлын шинэ хувилбарууд гарч байгаатай холбоотойгоор Англи улс одоогоор Өмнөд Африк, Португал, Өмнөд Америкийн бүх улс зэрэг нийт 33 улсыг "Улаан жагсаалт"-д оруулан, эдгээр улсаас Англи руу аялахыг хориглоод байгаа юм.
Эх сурвалж: Associated Press