ДЭМБ-ын олон улсын эрдэмтэн шинжээчдийн баг БНХАУ-д ажиллаж Ковид-19 коронавирусийн үүсэл гарлыг судалж байгаа. Тэгвэл шинжээчид Хятадын лабораториос вирус алдагдсан гэх сэжиг таамгийг няцаахад хүрчээ.
Шинжээчдийн багийг ахалж байгаа Петер Бен Эмбарек Уханий лабораториос вирус алдагдсан гэдэг нь тун эргэлзээтэй болсон гэдгийг мэдээлсэн байна. Тиймээс вирусийн үүсэл гарлыг судалж, тогтооход илүү их ажиллах шаардлагатайг хэлжээ.
Зарим эрдэмтдийн зүгээс коронавирусийн гарлыг Хятадаас биш харин зүүн өмнөд Азийн улс орнуудаас хайх нь зүйтэй гэсэн саналыг дэвшүүлсэн байна. Багийн гишүүн Петор Дасзак Ковид-19-ийн үүслийг үргэлжлүүлэн судалбал зүүн өмнөд Ази руу чиглэж магадгүй байгааг хэллээ. Хятадад ажиллаж байгаа ДЭМБ-ын эрдэмтдийн багийн ажил ерөнхийдөө шувтарч байгаа юм.
Хятадын Хубей мужийн Ухань хотод 2019 оны 12 дугаар сард хамгийн анх Ковид-19 коронавирус илэрсэн учраас эндээс гаралтай гэж олон хүн таамаглаж байсан. Жил гарны хугацаанд дэлхийн 106 сая гаруй хүн уг вирусээр халдварлаж, 2,3 сая хүн нас бараад байна.
Доктор Эмбарек хэвлэлийн хурал дээр эрдэмтдийн мөрдөн шалгах ажил шинэ мэдээлэл цуглуулсан ч халдварын тархалтыг эрс өөрчлөх хэмжээнд хангалттай мэдээлэл цуглуулаагүй гэжээ. Одоогоор вирус амьтнаас гаралтай бөгөөд амьтнаас хүнд халдварласан гэх таамаг хамгийн ойр байгаа гэж эрдэмтэд үзэж байгаа ч энэ нь бүрэн төгс батлагдаагүй санал гэдгийг дахин анхааруулсан байна.
Мөн сарьсан багваахайн байгалийн онцлогийг илүү судлах шаардлагатай боловч Уханьд сарьсан багваахайнаас хүнд халдварласан гэдэг нь маш эргэлзээтэй гэдгийг ч доктор Эмбарек үргэлжлүүлэн мэдээлжээ. 2019 оны 12 дугаар сард коронавирусийн анхны тохиолдлыг албан ёсоор илрүүлж бүртгэхээс өмнө халдвар Уханьд тархсан байсан гэдгийг нотлох баримт хомс байгааг хэллээ.
Хятадын Эрүүл мэндийн хорооны шинжээч Лиан Ваньяны хэлснээр Ковид-19 Уханьд анх илрэхээс өмнө өөр бүс нутагт хүнд халдварласан гэж үзсэн байна. Харин ДЭМБ-ын шинжээчдийн баг вирус тээвэр болоод хөлдүү хүнсний худалдаагаар дамжин тархсан байх магадлалтай тул энэ тал дээр илүү анхаарч мөрдлөгөө үргэлжлүүлэх хэрэгтэй гэжээ.
Уханий Хуаньан далайн хүнсний захын үйл ажиллагаа хамгийн их анхаарал татаж байгаа бөгөөд энд бусад улс орнууд болоод Хятадын олон байршлаас хүнс, хүнсний бүтээгдэхүүн ихээр ирдэг байна.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.