Японы шумбагч хөлөг Номхон далайн эргийн ойролцоо далайн мандал руу хөвж байгаад худалдааны усан онгоцтой мөргөлджээ. Осол Японы өмнөд эргийн Шикоку арлын ойролцоо болсон байна.
Энэ үеэр Японы Тэнгисийн өөрийгөө хамгаалах хүчний шумбагч Сорюгийн багийн гурван гишүүн хөнгөн бэртэл авчээ. Сорю шумбагч хөлөг нь 2009 онд ашиглалтад орсон, 3,000 тн орчим ачаа бараа, 65 багийн гишүүнийг тээвэрлэх хүчин чадалтай . Хөлгийн холбоо харилцааны хэрэгсэл эвдэрч гэмтсэн ч ашиглах боломжтой гэж үзсэн байна.
Шумбагч хөлгийн мөргөлдсөн Хонконгт бүртгэлтэй Өүшн Артемис нэртэй худалдааны усан онгоцонд эвдрэл гэмтэл гараагүй байна.
Одоогоос 20 жилийн өмнө АНУ-ын цөмийн эрчим хүчний цэнэгтэй шумбагч Хонолулу арлын орчимд Японы загас агнуурын хөлөгтэй мөргөлдөж, есөн хүн амь насаа алдсаны дөрөв нь ахлах сургуулийн хүүхдүүд байсан юм. Уг ослоос 26 хүн амьд гарсан бөгөөд АНУ-ын тэнгисийн цэрэг хохирогчдын ар гэрийнхэнд нийт 16,5 сая ам.долларын нөхөн төлбөр олгож байжээ.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.