Герман, Польш, Швед улсууд ОХУ-ын гурван дипломат төлөөлөгчийг энэ сарын 8-ны орой "personae non gratae" гэж зарлан, улс орноосоо хөөн гаргажээ.
Үүнээс хэдхэн хоногийн өмнө буюу хоёрдугаар сарын 5-ны өдөр ОХУ-ын Гадаад хэргийн яам Польш, Швед, Германы дипломат ажилтнуудыг Москва, Санкт-Петербург хотуудад болсон хууль бус эсэргүүцлийн жагсаалд оролцсон хэмээн буруутган, улсаасаа хөөх болсон талаар мэдээлсэн билээ. Ийнхүү эдгээр улсууд үүнтэй адил алхам хийж, хариу арга хэмжээ авсан байна.
Оросын дипломат ажилтнуудыг албадан гаргах тухай мэдэгдлийг холбогдох гурван улсын Гадаад хэргийн яамдын "Твиттер" хуудсан дээр бараг зэрэг байрлуулжээ. ХБНГУ-ын Гадаад хэргийн яамны мэдэгдэлд "ОХУ-ын зүгээс 2021 оны хоёрдугаар сарын 5-ны баасан гарагт гаргасан шийдвэрт Германы Засгийн газар энэ алхмаар дамжуулан хариу өгч байна" хэмээн тэмдэглэсэн байна.
Харин Шведийн Гадаад хэргийн сайд Анн Линде "ОХУ-ын Элчин сайдын яамнаас нэг хүнийг Шведээс гаргахыг шаардаж байгаа талаар бид Оросын Элчин сайдад мэдэгдсэн. Энэ бол зөвхөн албан үүргээ гүйцэтгэж байсан Шведийн дипломатчийг хөөсөн хүлээн зөвшөөрөх боломжгүй шийдвэрт өгсөн тодорхой хариу юм" гэж бичжээ.
Эх сурвалж: TASS
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.