10000 нэрийн барааны дэлгүүр түрээсээ нэмж, ажиллаагүй хугацааны түрээсээ өгөхийг шаардаж байна гэсэн мэдээллийг манай телевизэд гурван түрээслэгч өгсөн юм.
Энэ гомдлын талаар тус дэлгүүрийг эзэмшдэг "Гурван гал групп"-ийн менежер Б.Лувсанпунцагтай ярилцахад "Түрээслэгчээ алдах бол маш том хохирол. Нэг ч түрээслэгчийг гар гэж дарамтлаагүй. Харин ч хөл хорио тогтоосон хугацааны түрээс аваагүй, түрээс төлөлт дээр уян хатан нөхцөл гаргасан, мөн ажилтнуудын цалинг ч байгууллага өгч байсан" гэж тайлбар өглөө. Харин түрээслэгч нар өөр зүйл ярьж байна.
1000 нэрийн бараанд лангуу түрээслэгч /нэрээ нууцлахыг хүссэн/:
-Цар тахлын хөл хорионд орж, дөнгөж үйл ажиллагаа нээгээд байхад түрээсийн мөнгөө бүтэн төлөхийг шаардсан. Урьд өгсөн мөнгөө яах юм бэ гэсэн чинь "Гурван гал" эмнэлгийн ажилчдын цалинг тавьсан, урсгал зардалдаа явсан гэсэн. Эмнэлгийн үйл ажиллагааг зогсоогоогүй байхад яахаараа биднийг өгсөн мөнгийг цалинд нь тавьчихдаг юм бол?
Тэгээд биднийг түрээсээ бүтэн төлөхгүй бол гар, дараагийн хүн нь бэлэн байна гэж дарамталсан. Миний хувьд таван ам бүлээн энэ лангууны орлогоор тэжээдэг. Гудамжинд гараад зарвал цагдаа нар зөвшөөрөхгүй шүү дээ. Замын урд талын дэлгүүрийн эзэд лангууны түрээсээ 50-70 хувь бууруулсан байна лээ. Гэтэл манайх нэмнэ гээд явж байна.
"Гурван гал групп"-ийн менежер Б.Лувсанпунцаг:
-Манайх 42 түрээслэгчтэй. 11 сарын 11-нээс 1 сарын 23-ны хооронд буюу хоёр сарын түрээсээ бид аваагүй, 100 хувь хөнгөлсөн. Түрээсээ нэмнэ гээгүй. Сая карантилагдсан 12 хоногийг нь хасаад, 11 сарын үлдэгдэл дээр нэмээд, түрээсээ авсан. Түрээслэгчдийг хөөх туух, дарамтлах ямар ч зүйл байхгүй. Хэрэв ийм гомдол гарвал бидэнд хандах хэрэгтэй. Тэрнээс хэвлэлд хандаж бидний нэр төрд халдаж болохгүй гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.