Залуу гэр бүлүүд хувь лизингээр орон сууц худалдан авах явдал түгээмэл болоод байгаа. Гэвч худалдсан хүн нь тухайн гэр бүлд мэдэгдэлгүйгээр банкны барьцаанд тавьж, хохироох явдал түгээмэл гарч байгаа талаар хуульч Ү.Амарбат дараах сэрэмжлүүлгийг өгч байна.
Хуульч Ү.Амарбат:
-Хувь лизинг хийж иргэдийг, тэр дундаа залуу гэр бүлүүдийг хохироох явдал түгээмэл гарч байгаа дээр хуульч хүний хувьд сэрэмжлүүлэг, зөвлөгөө өгөхийг хүсэж байна. Бүх хүн ийм үйлдэл мэдээж гаргаагүй. Хариуцлагатай хүмүүс байна. Гэтэл зарим хүн залилан мэхлэх үйл ажиллагааг санаатай, санаагүй явуулж байна. Энэ нь хулхидуулснаа хэдэн жилийн дараа мэдэх, Иргэний шүүхээр яваад тодорхой хэмжээний мөнгө авч, хохирох байдлаар илэрч байна.
Залуу гэр бүлүүд жишээ нь, 100 саяын үнэлгээтэй орон сууцыг анх авахдаа урьдчилгаа 20 хувийг төлөөд байрандаа орчихдог. Орсон гэр бүл маань "Ингээд байртай болчихлоо" гэж сэтгэл амран боддог нь эхний эндүүрэл. Та энэхүү байрыг эзэмшиж байгаагаас биш өмчлөөгүй. Мөнгөө бүрэн төлж дууссаны дараа өмчлөх эрх үүснэ шүү дээ.
Энэ хугацаанд танд байр зарсан этгээдэд мөнгөний хэрэгцээ гардаг ч юм уу, эсвэл санаатай тэгдэг ч юм уу банкны барьцаанд тавих явдал түгээмэл байна. Ингээд мөнгөө төлж чадахгүй болохоор тэр байрыг нь банк хураагаад авчихдаг. Гэтэл лизингээр авсан гэр бүл мөнгөө төлж дууссаны дараа байраа өөрсдийн нэр дээр бүртгүүлэх гэтэл тэр нь банкны өмч болчихсон байдаг. Энэ бол залуу гэр бүлүүдийн олон жилийн хөдөлмөр, хүсэл мөрөөдлийг бусниулж байгаа маш харамсалтай хэрэг.
Яах ёстой вэ гэхээр, гэрчилгээг нь харж гэрээ байгуулах биш, барьцаанд байна уу гэдгийг e-mongolia руу ч юм уу ороод шалгах хэрэгтэй. Хоёрт, гэрээ байгуулсны дараа УБЕГ-т очиж урьдчилсан тэмдэглэгээ хийлгэх хэрэгтэй. Энэ нь таныг мөнгөө төлж дуустал энэхүү байрыг шилжүүлэх, барьцаанд тавихаас сэргийлсэн хаалт юм. Гуравт, гэрээ анх байгуулахдаа худалдаж буй хүнтэйгээ хамтран өмчлөгчөөр орж болно. Тэгвэл бас залилангаас хамгаалагдана.
-Хувь лизингийг хийгээд, одоо мөнгөө хэвийн графиктай төлөөд явж байгаа хүмүүс яах ёстой вэ?
-Барьцаанд тавьсан эсэхийг шалга. УБЕГ-т урьдчилсан тэмдэглэгээ хийлгэ, хамтран өмчлөгч бол. Гурав дахь буюу бас нэг бэрхшээлтэй асуудал нийгэмд байна. Барилгын компани байраар нь банканд барьцаанд тавьснаас болоод гэрчилгээгээ авч чадахгүй хүмүүс байна. Байртай ч юм шиг, байргүй ч юм шиг нөхцөл байдалд орчихсон. Зарим хариуцлагатай компани нь гэрчилгээг нь өгдөг. Зарим нь өгөхгүй, иргэдийг хохироож байна.
-Та түрүүн жишээ хэлсэн. Тэр хэрэг хэрхэн шийдэгдсэн бол?
-Мөнгөө авах ёстой гэсэн шүүхийн шийдвэр гарсан боловч худалдсан, банкны барьцаанд тавьсан этгээдийн нэр дээр хөрөнгөгүй, орлогогүй байснаас Шүүхийн шийдвэр дээр хэрэг нь үүсээд, мөнгөө авч чадахгүй байдалтай байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.