Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 18871 шинжилгээ хийхэд 47 хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илэрсэн.
Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлаас халдвар илэрч байгаагаас гадна БЗД-ийн 26 дугаар хороо "Элизабет" хотхоны 214 дүгээр байрнаас 4 тохиолдол, СиЖиЭс Мэдрэл уламжлалтын эмнэлэгээс 8 тохиолдол илэрлээ. Улаанбаатар хотод 13 голомт байгаагаас дээрх хоёр шинэ голомт бүртгэгдлээ.
Ингээд Улаанбаатар хотод кластер халдварын тоо 1284, улсын хэмжээнд кластер өвчлөл 1610 болсон байна. Сүүлийн 24 цагийн дотор 53 хүн эдгэрч гэртээ гарсан байна.
Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдлын тоо 2120 болсноос 1546 нь эдгэрч, одоо 561 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд нэг, хүнд дөрөв, хүндэвтэр 80, хөнгөн 476 хүн байна гэж ХӨСҮТ-өөс мэдээллээ. Дүүрэг хороодод өвчлөл нэмэгдэж байна. Ойрын хавьтлын 861 хүнийг тусгаарлаад байна. Батлагдсан тохиолдол нэмэгдэхийн хэрээр хавьтлуудын тоо нэмэгдэнэ. Тиймээс эрсдэл улам өндөр болж байгаа гэсэн үг. Сүүлийн үед “Монгол шир” ХХК, Сүхбаатар дүүргийн гутлын цех, СХД-ын 21-р хорооллын худалдааны төв, МИКС пиццатай холбоотой голомт өндөр идэвхжилтэй байна.
Улаанбаатар хотод 13 голомт өндөр идэвхжилтэй байгаа бөгөөд сүүлийн 24 цагийн хугацаанд хоёр голомт нэмэгдээд байна.