Олон улсын самбо бөхийн холбооноос /FIAS/ 2021 онд зохион байгуулах тэмцээнүүдийн хуваарьт Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод самбо бөхийн өсвөр, залуучуудын ДАШТ зохиогдох талаар тусгагджээ.
Хэдийгээр дэлхий нийтэд цар тахлын тархалт намжаагүй байгаа ч Самбо бөхийн холбооноос тэмцээн уралдааныг тасалдуулахгүй зохион байгуулахыг зорьж байгаа билээ. Энэ оны хамгийн эхний тэмцээн "Самбо бөхийн Европын цом" тэмцээн өнгөрсөн сард зохион байгуулах хуваарьтай байсан ч цуцлагдсан юм. Харин гуравдугаар сарын 25-26-ны өдрүүдэд ОХУ-ын Москва хотноо "Харлампиевийн нэрэмжит самбо бөхийн цомын тэмцээн" зохион байгуулагдана. Тэгвэл аравдугаар сарын 9-11-ий өдрүүдэд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо өсвөр, залуучуудын ДАШТ зохиогдохоор хуваарь батлагдсан байна.
Түүх сөхвөл 1973 онд насанд хүрэгчдийн анхдугаар дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Иран улсын Тегран хотноо зохион байгуулагдаж байсан бол хоёр дахь ДАШТ 1974 онд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байсан түүхтэй.