Юта мужийн Солт Лэйк хотын Фэйрпарк сууринд жил бүр үзэсгэлэн худалдаа зохион байгуулдаг ба даруухан жижиг хашаанууд олон бий. Эдгээр жижиг хашаануудын нэгт майхан сэлттэй орон гэргүй хүмүүс амьдрах болжээ. Тэд гэрийн эзэн Дарин Мэнний урилгаар энд ирсэн байна.
Дарин Мэнн орон гэргүй хүмүүсийг хашаандаа амьдрахыг урьсан бөгөөд гэрийнхээ угаалгын өрөөг ашиглахыг ч зөвшөөрчээ. Тэрээр “орон гэргүй хүмүүс ямар байдгыг бусад хүмүүст харуулахыг зорьсон. Тэдэнд шаардлагатай үед нь туслах хэрэгтэй” хэмээн ярьсан байна.
Виллаж Кэмп гэж нэрлэгдээд байгаа энэ газрыг Мэнн нэгдүгээр сарын дундуур нээжээ. Одоогоор орон гэргүй 15 хүн энд амьдарч байна. Солт Лэйк хотын төвөөс ч орон гэргүй хүмүүс энд иржээ. Тэд гэрийн эзэнд хашаагаа цэвэрлэхэд нь тусалдаг гэжээ.
Харин хотын захиргаанаас Мэннд үл хөдлөх хөрөнгөдөө хоёроос илүү хоног майхан байрлуулахгүй байх хууль дүрмийг зөрчсөн талаар анхааруулга удаа дараалан ирүүлжээ. Түүнийг хоёр долоо хоногийн дотор энэ ажлаа зогсоохыг шаардсан байна. Гэвч хөршүүд нь түүнд тусалж орон гэргүй хүмүүст хоол хүнс, хувцас хандивласаар байгаа ажээ.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.