Өмнөд Солонгосын Эргийн хамгаалалтын алба Пусан хот дахь чингэлэг тээвэрлэгч усан онгоцноос 35 кг кокайн хураан авсан гэж албаныхан өнгөрөгч бямба гарагт мэдэгджээ.
Энэхүү их хэмжээний мансууруулах бодис нь нийт 105 тэрбум воноор үнэлэгдэж байгаа бөгөөд энэ нь нэг сая хүн нэгэн зэрэг хэрэглэхэд хангалттай хэмжээ гэж эрх баригчид мэдээлсэн юм.
Хар тамхины боодлууд Либери улсын далбаатай хөлөг онгоцноос олдсон бөгөөд уг онгоц нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 15-нд Колумби улсаас хөдөлж, энэ оны нэгдүгээр сарын 19-нд Пусан хотын боомт дээр иржээ. Боодлууд дээр Колумбийн хар тамхины картелиудын ашигладаг хилэнцэт хорхойн хэлбэртэй лого байжээ.
БНСУ-ын албаныхан 140,000 тонн жинтэй тус хөлөг онгоц дээр их хэмжээний кокайн нуусан гэх мэдээллийг хүлээж авсныхаа дараа онгоцыг олж илрүүлсэн байна. Колумбиас тогтмол иргэд энэхүү хөлөг онгоц нь АНУ, Панамын суваг, Өмнөд Солонгос болон Хятадаар дамжин өнгөрдөг аж.
Усан онгоцны багийн гишүүд Грек, Орос, Украйны иргэд байжээ. Тэднийг хар тамхи хууль бусаар хил давуулсан хэрэгтэй холбоотой эсэхийг шалгаж байгаа гэж Эргийн хамгаалалтын газраас тэмдэглэсэн байна.
Эх сурвалж: Yonhap News Agency
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.