"Bloomberg" агентлаг дэлхий даяар хэрэгжиж буй коронавирусийн эсрэг вакцинжуулалтын хамгийн том мэдээллийн санг бий болгожээ. Одоогоор улс орнууд нийт 119 сая гаруй тунгийн тарилга үйлдээд байгаа юм.
Энтони Фаучи зэрэг АНУ-ын шинжлэх ухааны өндөр албан тушаалтнууд хүн амын 70-85 хувийг вакцинжуулсны дараа цар тахлын өмнөх өдөр тутмын хэвийн амьдралдаа эргэн орно гэж үзэж байгаа билээ. Тэгвэл "Bloomberg"-ийн мэдээллийн сангийн дагуу улс орнуудын одоогийн вакцинжуулалтын хурдыг авч үзэхэд дэлхий дахин эргэн хэвийн амьдралдаа орох хүртэл долоон жилийн хугацаа шаардагдах аж.
Хоёр тунгийн вакцинаар хүн амынхаа 75 хувийг вакцинжуулах арга хэмжээний хурд дэлхийн улс орнуудын дунд харилцан адилгүй байна. Вакцинжуулалтын түвшнээрээ дэлхийд тэргүүлдэг Израйль улс ердөө хоёр сарын дараа хүн амынхаа 75 хувийг вакцинжуулсан байх бол АНУ 2022 гэхэд энэ үзүүлэлтэд хүрэх аж. Барууны чинээлэг орнуудад тарилгын ажил илүү хурдацтай явагдаж байгаа тул дэлхийн хэмжээнд хэвийн байдал тогттол бүтэн долоон жилийн хугацаа шаардагдах юм.
Вакцинжуулалтын одоогийн хурдаар нийт хүн амын 75 хувийг хоёр тунгийн вакцинаар тарьж дуусахад шаардлагатай хугацаа (жилээр)
Мэдээж вакцины тоо хэмжээ нэмэгдэх тусам вакцинжуулалтын хурд өснө. Энэтхэг, Мексик дахь дэлхийн хамгийн том вакцин үйлдвэрлэгчид ажлаа дөнгөж эхэлж байгаа. Одоогийн байдлаар улс орнууд нийт 100 орчим гэрээ байгуулан, 8.5 тэрбум гаруй тун вакциныг захиалаад байгаа юм. Мөн дэлхийн улс орнуудын гуравны нэг нь л вакцинжуулах кампанит ажлыг эхлүүлээд байгаа билээ.
Гэхдээ "Bloomberg" агентлагийн тооцож үзээгүй нэг хүчин зүйл нь коронавирусийн халдвар авсны дараа үүсэх дархлаа юм. Ингэснээр цар тахлын халдвар өргөн тархсан улсуудад зөвхөн бага хэмжээний вакцинжуулалт шаардагдаж магадгүй аж.
Эх сурвалж: Bloomberg
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.