Хятадын жүжигчин Гао Лиу хамрын мэс засалд орсон боловч бүтэлгүйтжээ. Тэрээр өөрийнхөө зургийг олон нийтэд дэлгэж гашуун сургамжаа хуваалцан гоо сайхны мэс заслын талаар бусдад сэрэмжлүүлсэн байна.
Гао Лиу нь телевизийн шоу нэвтрүүлгүүд, олон төрлийн кино уран бүтээлээрээ Хятадад алдартай жүжигчин, дуучин бүсгүй юм. Гэвч тэр ойрын саруудад олны анхаарлыг өөр зүйлээр татах болжээ.
Сина Вейбо олон нийтийн цахим хуудсанд сүүлийн үед идэвхгүй байсан шалтгаанаа гоо сайхны мэс заслын алдаанаас болсон хэмээн тайлбарласан байна. Тэрээр гоо сайхны амжилтгүй мэс заслын дараа хамрын үзүүр дэх эд эс нь үхэжсэн тухай олон нийттэй хуваалцжээ.
Жүжигчин бүсгүй таван сая дагагчдадаа үзүүр нь үхэжсэн хамрынхаа зургийг хуваалцан гоо сайхны мэс засал хийлгэсэн болоод хийлгэхээр сонирхож байгаа хүмүүст анхааруулга өгсөн юм. Хятадад төдийгүй дэлхий даяар гоо сайхны мэс засал хийлгэх нь түгээмэл үзэгдэл болсон ч сөрөг нөлөөг нь төдийлөн анхаардаггүй.
Гао Лиугийн бичсэнээр тэрээр өнгөрсөн оны аравдугаар сард найзынхаа зөвлөснөөр Гуанжоу хотын эмнэлэгт гоо сайхны хагалгаанд орсон байна. Тэр хамрын үзүүрээ бага зэрэг засварлаж шонтгор болгохоор шийдсэн нь цаашдын жүжигчний карерт нь чухал гэж боджээ.
Хамрын хагалгаа дөрвөн цаг үргэлжилсэн бөгөөд энэ хугацаанд илүү үзэсгэлэнтэй болно хэмээн мөрөөдсөөр байв. Гэвч энэ дөрвөн цаг түүний амьдралын хар дарсан зүүд байсныг мэдсэнгүй. Хагалгааны дараа хамар нь ихэд цочирдож, зовиурлах болсон байна. Гэсэн ч эмч нар түүнд 12, 1 дүгээр сар гэхэд бүрэн эдгэж ажилдаа эргэж орох боломжтой гэж хэлжээ.
Харамсалтай нь хамрын арьс нь үхэжсэн байна. Энэ байдлаа харсан тэрээр амиа егүүтгэх тухай ч боджээ. Гао хоёр сарын турш эмнэлгээр явж, 400,000 юань буюу 62,000 ам.доллар үрсэн байна. Түүний хамранд учирсан гэмтлээс болж дор хаяж жилийн турш дахин сэргээх хагалгаа хийлгэх боломжгүй гэжээ.
Жүжигчин бүсгүй өөрт учирсан хохирлын талаар мэдээлсний дараа Гуанжоу хотын эрүүл мэндийн товчоонд үүнтэй төстэй олон тооны гомдол иржээ. Цахим сүлжээнд зарим хүмүүс Гаод хагалгаа хийсэн эмнэлэг хариуцлага хүлээх ёстой гэж үзсэн бол зарим нь Хятадад гоо сайхны хагалгаатай холбоотой хууль дүрмийг илүү сайжруулж, өргөн хүрээнд шийдвэрлэх ёстой гэсэн саналыг гаргажээ.
БНХАУ-д 2004 оноос хойш гоо сайхны мэс засал нийтлэг болжээ. Тэр дундаа залуу хүмүүсийн дунд түгээмэл дэлгэрсэн бөгөөд 2019 оны судалгаагаар 30-аас доош насны 20 сая хүний 2/3 нь, шинэ мянганы иргэдийн таван хүн тутмын нэг 21 нас хүрээгүй байхдаа гоо сайхны хагалгаа хийлгэжээ. Ахлах сургуулиа төгссөн хүүхдүүд их дээд сургуульд элсэхийнхээ өмнө гоо сайхны хагалгаа хийлгэх замыг сонгодог бөгөөд энэ нь ажлын байраа сайжруулах, хосын харилцаа тогтооход чухал гэж үздэг байна. Гэвч баталгаагүй, чанаргүй эмнэлгүүд олширсон тул энэ мэт хатуу сургамж авах тохиолдол нэмэгджээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Эрхийн мангарууд ер нь тэгнэ, мөнгийг өөр илүү дээр зүйлд зарцуулж болно.
sanuulga ugj bn!!!!!
Haha