ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйг өнгөрсөн намар хордуулсны дараа түүнийг эмнэлэгт эмчилж байсан эмч нь нас барсан тухай мэдээлжээ.
Сергей Максимишин нь Омскийн түргэний эмнэлгийн ерөнхий эмчийн орлогчоор ажиллаж байжээ. Энэ жил 55 настай эмч гэнэт таалал төгссөн болохыг эмнэлгийн мэдэгдэлд дурдсан байна.
Омскийн эмнэлгийн мэдэгдэлд “Омскийн анагаах ухааны их сургуулийн яаралтай түргэн тусламжийн нэгдүгээр эмнэлгийн сэхээн амьдруулах болон мэдээгүйжүүлэлтийн ерөнхий эмчийн орлогч Максимишин Сергей Валентинович гэнэт таалал төгссөн болохыг мэдэгдье” гэжээ. Түүний үхлийн шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд уг мэдэгдэлд дурдаагүй байна.
Оросын шүүхээс гурван жил хагасын хорих ял сонссон сөрөг хүчний удирдагч Алексей Навальный өнгөрсөн жилийн наймдугаар сарын 20-ны өдөр нэгдүгээр түргэн тусламжийн эмнэлэгт хордсон байдалтай иржээ. Тэрээр Сибириэс Москва руу нисч байсан бөгөөд өвдсөн даруйд нь нисэх онгоц Омскод ослын буулт хийж яаралтай эмнэлэгт хүргэсэн юм.
Тухайн үед Навальныйд эмнэлгийн тусламж үзүүлсэн эмч Максимишин ямар нэгэн байдлаар хэвлэлийнхэнд мэдэгдэл хийгээгүй. Навальный комд орсон бөгөөд эцэст нь тус эмнэлгээс Германы нийслэл Берлин рүү шилжүүлсэн билээ. Берлиний эмнэлэгт таван сарын турш эмчлүүлж өнгөрсөн сард Моксвад ирсэн ч түүнийг баривчлан хорих ял сонсгосон.
Навальныйг дэмжигчид төдийгүй барууны улс орнууд Ерөнхийлөгч Владимир Путин болон Кремлийн заавраар Оросын аюулгүйн хүчин Навальныйг Новичокоор хордуулсан гэж буруутгасаар байгаа юм.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.