Умард Солонгос улс олон улсын вакцин хангамжийн хөтөлбөрийн хүрээнд коронавирусийн эсрэг вакцины хоёр сая орчим тунг хүлээн авна гэсэн урьдчилсан тооцоо гарчээ.
Дэлхийн вакцин хангамжийн санаачилга болох "COVAX"-ийн лхагва гарагт гаргасан тайланд "AstraZeneca/Oxford"-ын вакцины Энэтхэгийн "Serum Institute"-д үйлдвэрлэсэн 1.992 сая тунг Умард Солонгост энэ оны эхний хагаст хүргэнэ гэж мэдэгдсэн байна. Харин Өмнөд Солонгос улсыг "AstraZeneca/Oxford", "Pfizer-BioNTech" вакцины дор хаяж 2.7 сая тунгаар хангана гэдгийг тайланд дурджээ.
БНАСАУ-ын эрх баригчид тус улсад "Ковид-19"-ийн цар тахлын тохиолдол бүртгэгдээгүй хэмээн мэдэгдсэн хэдий ч хилийн хатуу хяналт тавин, халдварын тархалтыг зогсоох арга хэмжээг авсаар байгаа юм. Хөгжингүй орнуудын санхүүжилтээр хэрэгжиж буй "COVAX" хөтөлбөрт хамрагдах буурай хөгжилтэй 92 орны тоонд Умард Солонгос багтаж байгаа билээ.
"COVAX" хөтөлбөрийн хүрээнд коронавирусийн эсрэг вакцины нийт 337 сая тунг 145 оролцогч улс оронд хуваарилах бөгөөд энэ нь дэлхийн нийт хүн амын 3.3 хувьтай тэнцэж байгаа юм.
Эх сурвалж: Yonhap News Agency