Токио-2020 олимпыг зохион байгуулах хорооны дарга Ёширо Мори спортын байгууллагуудын эмэгтэйчүүдийг "хэтэрхий их ярьдаг" гэж хэлснийхээ төлөө уучлалт гуйсан хэдий ч огцрохгүй гэдгээ мэдэгдэв.
Японы Ерөнхий сайд асан Мори энэ долоо хоногт болсон Японы Олимпын хорооны хуралдааны үеэр эмэгтэйчүүд хэтэрхий их ярьдаг тул хэт олон эмэгтэй хүн оролцсон уулзалтууд "сунжрах" хандлагатай байдаг гэж хэлсэн байна. Тэрээр "Хэрэв би хэтэрхий их зүйл ярих юм бол сонинууд намайг буруу зүйл ярьсан гэж бичих байх. Гэхдээ бид Удирдах зөвлөлийн эмэгтэй гишүүдийн тоог нэмэгдүүлэх гэж байгаа бол тэдний ярих хугацааг тодорхой хэмжээгээр зохицуулах ёстой гэж хэн нэгэн хэлэхийг сонссон. Эс бөгөөс уулзалт хэзээ ч дуусахгүй байх. Хэн ингэж хэлснийг би хэлэхгүй" хэмээсэн юм.
Ёширо Мори мөн "Олимпыг зохион байгуулах хороонд долоон эмэгтэй ажилладаг. Гэхдээ тэд бүгд өөрсдийн байр суурийг ойлгодог" хэмээн тэмдэглэсэн байна. Тэгвэл өнөөдөр болсон яаралтай хэвлэлийн бага хурал дээр Мори өөрийнх нь хэлсэн үгс зохисгүй бөгөөд Олимпын мөн чанартай зөрчилдөж байсныг хүлээн зөвшөөрсөн байна. Гэхдээ тэрээр "Би огцрох бодолгүй байна. Би долоон жилийн турш шаргуу хөдөлмөрлөж, Токиогийн олимпын төлөө өөрийгөө зориулсан. Би албан тушаалаасаа буухгүй" гэжээ.
Моригийн хэлсэн үгсийг Японы эмэгтэй улс төрчид болон спортын удирдлагууд буруушаан, иргэд түүнийг огцрохыг шаардаж байгаа юм. Японы спортын захиргаанд эмэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлэх кампанит ажил явуулсан Олимпыг зохион байгуулах хорооны гишүүн Каори Ямагучи Ёширо Мориг Токиогийн олимпын наадмын мессежийг доройтуулж байна хэмээн буруутгасан. Тэрээр "Хүйсийн тэгш байдал болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд анхаарал хандуулах нь Токиогийн наадмын хувьд мэдээжийн зүйл байх ёстой байсан. Гэвч уг наадмыг зохион байгуулах хорооны Ерөнхийлөгч ийм үг хэлсэн нь үнэхээр харамсалтай явдал" хэмээн ярьжээ.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
энэ япон солонгост эмэгтэйчүүдийн эрх цаашаа шүү харин манай монголд хамаагүй сайн