Төрийн эргэлт болсон Мьянмар улсад "Facebook Inc" компанийн эзэмшдэг олон нийтийн сүлжээнүүдэд нэвтрэхийг хоригложээ. Тус улсын Харилцаа холбоо, мэдээллийн яамнаас "тогтвортой байдал"-ын тулд "Facebook"-ийг энэ сарын 7-ныг хүртэл хориглох болсныг мэдэгдсэн байна.
Яамны мэдэгдэлд "Яг одоо улс орны тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж буй хүмүүс "Facebook" ашиглан худал, ташаа мэдээлэл тарааж, иргэдийн дунд үл ойлголцол үүсгэж байна" хэмээн тэмдэглэсэн байна. Тус улсын төрийн өмчит харилцаа холбооны компани болох "MPT" Фейсбүүк болон Мессенжер, Инстаграм, "WhatsApp" үйлчилгээнүүдийг хаасан болохыг олон нийтийн сүлжээг хянах бүлэг "NetBlocks" баталгаажуулсан юм. "MPT" компани нь 23 сая хэрэглэгчтэй аж.
"Facebook"-ийн төлөөлөгч Энди Стоун нөхцөл байдлын талаар "Мьянмарын иргэд гэр бүл, найз нөхөдтэйгөө холбоо барин, чухал мэдээллээс хоцрохгүй байхын тулд холболтыг сэргээхийг эрх баригчдаас хүсэж байна" хэмээн уриалжээ. Мьянмарын 53 сая хүн амын тал хувь нь "Facebook" хэрэглэдэг бөгөөд олон хүний хувьд интернэт болон "Facebook" хоёр нь ижил утгатай аж.
Төрийн эрхийг гартаа авсан Мьянмарын цэргийн хүч өнгөрөгч мягмар гарагт иргэдийг олон нийтийн сүлжээнд үймээн самуун дэгдээж, тогтворгүй байдал үүсгэж болзошгүй цуурхал тараахыг хориглосноо зарлан, анхааруулсан юм. Харин "Facebook" платформын зүгээс Мьянмарын нөхцөл байдлыг онц байдал гэж үзэн, төрийн эргэлтийг магтан дуулсан эсвэл дэмжсэн агуулгыг устгах түр зуурын арга хэмжээ авч байгаа билээ.
Эх сурвалж: Reuters
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.