АНУ-ын хууль тогтоогчид Хонконгийн ардчиллын төлөөх хөдөлгөөнийг Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшүүлж, Бээжингийн эсрэг тэмцэгчдийг дэлхий дахинд урам зориг өгсөн хэмээн онцолжээ.
Өөр өөр намын есөн хууль тогтоогч Нобелийн хороонд илгээсэн захидалдаа 2019 оны зургаадугаар сарын 16-ны өдөр Хонконгийн хоёр сая гаруй хүн гудамжинд цугларсан болохыг тэмдэглэсэн байна. Хонконг 7.5 сая хүн амтай тул энэ нь "Түүхэн дэх хамгийн том эсэргүүцлийн жагсаалуудын нэг болсон" гэж Бүгд найрамдах намын сенатч Марко Рубио, Ардчилсан намын төлөөлөгч Жим МакГоверн нарын тэргүүтэй захидалд бичжээ.
Тэд үргэлжлүүлэн "Энэ шагнал тэмцэгчдийн эр зориг, шийдэмгий байдлыг тэмдэглэх болно. БНХАУ-д энх тайван, хүний эрхийн төлөө тэмцэж буй хүмүүсийг Нобелийн хорооноос онцлох болно гэж найдаж байна. Хонконг дахь ардчиллын төлөөх хөдөлгөөн энэ жилийн гавьяаг хүртэх ёстой гэж үзэж байна" хэмээн уриалжээ.
Эсэргүүцлийн жагсаалд оролцсон Хонконгийн иргэд улс төрийн үзэл бодлоо тайван замаар илэрхийлсэн хэдий ч ирэх саруудад тэдэнд энэ үйлдлийнх нь төлөө ял оноож магадгүй гэж хууль тогтоогчид эмээж байна. Үүний улмаас тэд Нобелийн энх тайвны шагналыг 1997 оноос хойш Хонконгийн ардчилал, хүний эрхийн төлөө зүтгэсэн бүх хүнд хүртээхийг зөвлөж байгаа юм.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.