Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ барилгын салбарынхантай өнөөдөр өглөө уулзлаа. Тэрбээр уулзалтын эхэнд залуу гэр бүлийг хэрхэн орон байртай болгох вэ гэдэг асуудалд Засгийн газар, хувийн хэвшлийнхэнтэйгээ хэрхэн хамтарч ажиллаж талаар болон төр, хувийн хэвшлийн түншлэлийг шинэ түвшинд хэрхэн гаргаж болох зэрэг асуудлаар ярилцахаа онцоллоо.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
-Орон сууцтай болгоё гэж зорьсон айлууд нь орон сууцтай болж чадахгүй. Нэг өрөө байртай хүн хоёр өрөө байртай, хоёр өрөөтэй нь гурван өрөө байртай болох хөдөлгөөн статистик дээр ажиглагддаг юм байна. Тиймээс бидний хувьд энэ асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй.
Дэд бүтцийн асуудлыг шийдэхгүй бол аж үйлдвэржсэн орон болохгүй. Тэр утгаараа "Залуус 1, 2, 3" дугаар хорооллыг туршилт байдлаар хиймээр байна. Ингэхдээ хоёр хорооллыг нь Улаанбаатар хотод аль нэг хорооллыг нь орон нутагт хийж үзэхийг Засгийн газрын зүгээс хүсэж байна" гэлээ.
Уулзалтын үеэр барилгын салбарынхан төр ТОСК, НОСК гээд барилгын салбарынхантай өрсөлдөх биш, худалдан авагч байхад болно. Цаашилбал, түрээсийн орон сууцыг бий болгох тал дээр хамтран ажиллах хэрэгтэй байна.
Тус уулзалтад оролцсон Эрчим хүчний сайд Н.Тавинбэх ирэх тавдугаар сараас барилгын салбарыг эрчим хүчний хөнгөлөлтөд хамруулах тал дээр анхаарч ажиллана гэсэн юм.
Улаанбаатар хотын дарга Д.Сумъяабазар:
-Барилгын салбарт тулгарч буй гол асуудал бол газрын зөвшөөрөл, бичиг баримт гэх зүйл байдаг. Энэ асуудлыг богино хугацаанд хурдан шуурхай шийдэх болно. Гэвч “үл үзэгдэгч гарууд” дээрх асуудалд оролцож, барилгын өртгийн үнэнд нөлөөлдөг. Хотын даргын хувьд иймэрхүү гарууд байвал шууд надад хандах хэрэгтэй. Надаас шаардагдах бүх зүйл дээр барилгын салбарынханд туслах болно.
Сангийн сайд Б.Жавхлан:
-Ипотекийн зээлийн хөтөлбөр тогтвортой явах хэрэгтэй. Өнгөрсөн 12 дугаар сард 95 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг иргэдэд олгосон нь хамгийн өндөр үзүүлэлт. Энэ дөрвөн жилд сардаа 60 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг олгох боломжтой. Иргэдийн хувьд ипотекийн зээлд хамрагдсанаар зээлээ төлөхийн тулд тогтвортой ажилтай, өрхийн орлого, зарлагаа төлөвлөж сурдаг.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
-Бид ерөнхийгөөс тодорхой руу явах цаг болсон. Төрийн ордонд маш их хурал болдог ч дандаа ерөнхий юм ярьсаар байгаад төв талбайд зургаа авахуулаад тардаг. Зөвхөн зөвлөмж гаргаад орой нь дискодоод л дуусдаг. Иймд өглөөний хурал хийх нь ашигтай байна. Бүх Засгийн газрын сайн хийсэн зүйлсийг бид үргэлжлүүлээд явна.
"Залуус 1, 2, 3" хорооллыг барих ажлын хэсэг байгуулна. Үүнийг туршилтын хороолол болгож үзмээр байна. Мкв нь ямар үнэтэй байх нь нэгдсэн журмаар явж компаниудыг урина. Үүнд төр үнээ санал болгож шаардлагатай дэмжлэгийг үзүүлнэ. Бусад нь зах зээлийн журмаар явна.
Ийм байдлаар 200 мянга орчим иргэдийг орон сууцжуулахыг оролдоно. Ажлын хэсгийг Ц.Нямдорж даргаар удирдуулна. Манай Ц.Нямдорж дарга хуульч хүн гэхээсээ илүү сайн барилгачин хүн юм шүү. Хууль сахиулах их сургууль, Хууль зүйн яам, Архивын ерөнхий газрыг барилгыг маш сайн чанартай, хурдан гүйцэтгэлтэй барих ажлыг удирдсан хүн. Ажлын хэсгийн дэд даргаар Барилга, хот байгуулалтын сайд, Сангийн сайд, Нарийн бичгийн даргаар нь Нийслэлийн Засаг дарга ажиллана" гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Манай Дорнод аймаг Чойбалсан хотод цахилгаан дулаан цэвэр бохир ус гээд бүх дэд бүтэц болон газрын асуудал нь шийдэгдсэн 1000 айлын орон сууц барих бэлээхэн хотхоны талбай байна.Энд одоо сургууль ба цэцэрлэгийн барилга байшингийн суурь ноднингоос тавигдаж эхэлсэн.Тиймээс эндээс Дорнод аймаг Чойбалсан хотоос эхлэе.