Румын улсын нийслэл Бухарест хотын коронавирусийн төв эмнэлэгт өнгөрөгч баасан гарагийн эхээр гал гарч, дор хаяж таван хүний амь үрэгдсэн гэж эрх баригчид мэдээлэв.
Гал эмнэлгийн доод давхарт өглөөний 05:00 цагийн орчимд гарсан бөгөөд 100 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлэхээс өөр аргагүйд хүрсэн байна. Гал сөнөөгчид галыг унтраахаас өмнө тодорхойгүй тооны хүмүүс шархадсан гэж Румыны Онцгой байдлын алба урьдчилсан тайландаа дурджээ. Одоогоор галын шалтгаан ч мөн тодорхойгүй байна.
Онцгой байдлын хэлтсийн дарга Рид Арафатын мэдээлснээр хохирогчдын дөрөв нь эмнэлгийн өвчтөн байсан бөгөөд гал сөнөөгчдийг ирэх үед гурав нь аль хэдийн нас барсан байжээ. Хэдийгээр аврагчид дөрөв дэх хохирогчийг сэхээн амьдруулах гэж оролдсон ч амжилт олоогүй байна. Эрх баригчид дараа нь дахиад нэг хохирогчийн цогцсыг эмнэлгийн угаалгын өрөөнөөс олсон гэж мэдэгдсэн юм.
Баасан гарагийн орой олон арван хүн тус эмнэлгийн гадаа цугларан, хохирогчдод зориулж лаа асаан, дээд албан тушаалтнуудыг огцрохыг шаардаж, эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Энэхүү гал нь сүүлийн хэдэн сарын хугацаанд болсон гурав дахь ийм төрлийн явдал байв. Өнгөрсөн арваннэгдүгээр сард Румыны хойд хэсэгт орших коронавирусийн эрчимт эмчилгээний тасагт гал гарч, 10 хүн амиа алдсан бол дараа сард нь тус бүс нутгийн сэтгэцийн эмнэлэгт мөн гал гарч, нэг хүн нас барсан.
19 сая орчим хүн амтай Румын улсад өнөөдрийн байдлаар 700 мянга гаруй халдварын тохиолдол бүртгэгдэж, 18 мянган хүн нас бараад байгаа юм.
Эх сурвалж: Associated Press
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.