Мьянмарын эрх барьж буй Ардчиллын төлөө Үндэсний лиг намын дарга Аун Сан Су Чиг цэргийн эрх мэдэлтнүүд баривчилсан тухай мэдээлжээ. Аун Сан Су Чигаас гадна тус улсын Ерөнхийлөгч Вин Майнт зэрэг нөлөө бүхий улс төрчдийг өглөө эрт цэргийнхэн баривчлан саатуулсан байна.
Засгийн газар болон цэргийн эрх мэдэлтнүүдийн хооронд сонгуулийн дараа үүссэн зөрчлийн дүнд ийнхүү улс төрчдийг баривчилсан гэж эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Цэргийнхний баривчилгаа тус улсад төрийн эргэлт гарч болзошгүй гэсэн айдас түгшүүрийг улам ихэсгэж байсан.
Өнгөрсөн оны 11 дүгээр сард болсон сонгуулиар Су Чигийн Ардчиллын төлөөх Үндэсний лиг нам 83 хувиар ялж, Засгийн газрыг дангаараа бүрдүүлэхэд хангалттай санал байгуулсан боловч армийн удирдагчид саналын хуудсыг луйвардсан гэж үзсэнээс талууд зөрчилджээ.
Мьянмар улсад 2011 он хүртэл цэргийнхэн төрийн эрх барьж байсан юм. Өнгөрсөн жилийн сонгуулиар ялалт байгуулсан Парламентын гишүүд өнөөдөр хуралдаанаа эхлүүлэхээр төлөвлөж байсан боловч цэргийнхэн хойшлуулахыг шаардсан байна.
Улмаар цэргүүд Янгон болон нийслэл Нейпьидо хотуудын гудамж талбайд гарч зогсчээ. Түүнчлэн томоохон хотуудад интернэт холболт, гар утасны сүлжээг хаасан байна. Үндэсний төв телевиз MRTV техникийн саатлаас болж цацалтаа түр зогсоосон гэж дамжуулжээ.
Аун Сан Су Чи болон бусад эрх баригчдын баривчилсан тухай мэдээлснээс цөөн хэдэн цагийн дараа төрийн мэдлийн сувгаар жилийн турш улсын хэмжээнд онц байдал зарласныг мэдээллээ. Төрийн эрх мэдлийг армийн Ерөнхий командлагч Мин Аун Лианг гартаа оруулснаар төрийн эргэлт болж байна.
Үүссэн нөхцөл байдлаас харахад цэргийн эргэлт хийсэнтэй ялгаагүй байна гэж ВВС агентлагийн Зүүн Өмнөд Азийн бүс хариуцсан төлөөлөгч Жонатан Хийд мэдээлэв. Мөн тэрээр төрийн эргэлт хийж буй энэ явдал нь цэргийн эрх баригчид өнгөрсөн долоо хоногт өгсөн 10 гаруй жилийн өмнө баталсан Үндсэн хуулиа даган мөрдөнө гэсэн амлалтаасаа ухарсан хэрэг гэдгийг онцолжээ. Уг хуулинд зааснаар цэргийнхэн онц байдал зарлах эрх мэдэлтэй ч Су Чи зэрэг нөлөө бүхий улс төрчдийг баривчлан саатуулах ёсгүй ажээ. Харин уг амлалтаа зөрчиж, Үндсэн хууль зөрчсөн нь илт боллоо.
Аун Сан Су Чи нь Нобелийн энх тайвны шагналт хүний эрхийн төлөө тэмцэгч бөгөөд олон арван жилийн турш гэрийн хорионд байсан юм. 1989-2010 он хүртэл 15 жилийг гэрийн хорионд өнгөрөөснийхөө дараа 2015 онд Ардчиллын төлөө Үндэсний лиг намыг удирдаж үнэмлэхүй ялалт байгуулсан билээ. Тэрээр Мьянмарын генерал Аун Саны охин бөгөөд түүнийг ердөө хоёр настай байхад нь эцгийг нь хороож байжээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.