ОХУ-ын Эдийн засгийн аюулгүй байдал, авлигатай тэмцэх газрын ажилтнууд, тус улсын Дотоод хэргийн яамны Волгоград бүсийн Ерөнхий газрын мөрдөн байцаагчид болон бүс нутгийн Холбооны аюулгүй байдлын алба хамтран хууль бус газрын тосны үйлдвэр ажиллуулж байсан этгээдүүдийг баривчилжээ.
Мөрдөн байцаалтаар Волгоград хотын Красноармейский дүүрэгт байрлах аж үйлдвэрийн баазын нутаг дэвсгэрт шингэн түлш, дизель түлшний үйлдвэрлэл, боловсруулалтыг зохион байгуулж байсан хоёр иргэнийг тогтоосон бөгөөд тэд ямар ч бүртгэлгүй үйл ажиллагаа явуулж байсан байна. Гэмт хэрэгтнүүд хууль бүс түлшээ байнгын үйлчлүүлэгчдэд зарж борлуулдаг байсан бөгөөд хууль бусаар олж авсан орлого нь дор хаяж 55 сая рубльд хүрч байгаа аж.
Тус баазад нэгжлэг хийх явцад түлшний нөөц, ус зайлуулах төхөөрөмж, газрын тосны бүтээгдэхүүнийг боловсруулагч ачааны машинуудыг олжээ. Түүнчлэн нягтлан бодох бүртгэлийн баримт бичиг, компьютерын тоног төхөөрөмж, түлшний материалын дээж зэрэг нотлох баримтыг олсон байна.
Оросын Дотоод хэргийн яамны Волгоград мужийн Ерөнхий мөрдөн байцаах газар сэжигтнүүдэд Эрүүгийн хуулийн 171 дүгээр зүйлийн хоёрдугаар хэсэгт заасан гэмт хэргийн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгээд байгаа бөгөөд урьдчилсан мөрдөн байцаалт үргэлжилж байгаа юм.
Эх сурвалж: МВД ФСБ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.