Эмнэлгийн тусламж хэрэгтэй үед PCR шинжилгээний бичиггүй иргэдэд үйлчлэхгүй байгаа нь иргэдэд хүндрэл үүсгэж байна. Тухайлбал, Хавдар судлалын үндэсний төвөөр өнөөдөр үйлчлүүлэх иргэд энэ сарын 27, 28, 29-ны PCR шинжилгээний бичигтэй байж тус эмнэлгийн хаалгаар орж болох ажээ.
Энэ асуудлаар Хавдар судлалын үндэсний төвөөр үйлчлүүлж байгаа иргэдээс тодруулга мэдээлэл авлаа. Мэдээж шинжилгээтэй хүнд үйлчлэх нь эрсдэлээ тооцож байгаа ч 3 хоног тутам PCR шинжилгээ өгч байгаа нь хүндрэл үүсгэж байна. Шинжилгээ өгөх гэхээр цаг нь дүүрчихсэн 24 цагийн дотор нь хариу гарахгүй зэрэг хүндрэлээс үүдэн товлосон цагтаа эмчиддээ үзүүлж чадахгүй байдалд байна. Шинжилгээний хариуг 3 хоног гэлгүй 5 хоногийн хугацаатай байлгавал зүгээр байна. Аль эсвэл эмнэлэг дотроо шинжилгээ авдаг байвал их зүгээр талаар сэтгэгдлээ хуваалцлаа.
Хавдар судлалын үндэсний төвийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний албаны хүн: Цар тахалтай энэ үед эрүүл мэндийн салбар хамгийн өндөр эрсдэлтэй орчин болоод байна. Эмнэлэгт өвдсөн хүмүүс ирдэг. Ялангуяа хавдартай иргэдийн хувьд дархлаа уначихсан байдаг тул халдвар авах өндөр эрсдэлтэй. Хамгийн сүүлд манай эмнэлгийн нэг тасагт Ковид-19 тохиолдол гарснаас болж, 14 хоног тусгаарласны улмаас өвчтөнүүд эмнэлгийн үйлчилгээ авч чадаагүй.
Тэгэхээр эмнэлгийн байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй хэвийн үргэлжлүүлэх, үйлчлүүлж буй өвчтөн, эмч нарын аюулгүй байдлын төлөө ийм арга хэмжээ авч байгаа тул иргэд ойлгож, тавьж буй шаардлагыг биелүүлэхийг хүсье гэсэн юм.
Шинжилгээний бичиггүй хүн нэвтрүүлснээр нэг тасаг битгий хэл эмнэлгээрээ тусгаарлагдах аюултай гэдгийг дурдлаа.