БНСУ руу гадаад иргэдийг хууль бусаар нэвтрэхэд нь туслалцаа үзүүлж байсан Хятадын иргэнд тус улсын анхан шатны шүүхээс хоёр жил зургаан сарын хорих ял оноож, гурван сая воны торгууль ногдуулсныг давж заалдах шатны шүүхээс хэвээр үлдээжээ.
Нэрийг нь дэлгээгүй 42 настай эрэгтэй нь анх 2007 онд Өмнөд Солонгос улсад нэвтэрсэн боловч визний хугацаа нь хэтэрсэн тул түүнийг 2013 онд албадан гаргаж байжээ. Гэвч тэрээр 2019 онд хоёр хүний хамт жижиг завиар аялан, Шар тэнгисээр дамжин Өмнөд Солонгос руу нууцаар нэвтэрсэн байна. Тэрээр ферм, барилгын талбай, үйлдвэрүүд дээр хууль бусаар ажиллаж байхдаа хятад иргэдийг БНСУ руу хууль бусаар нэвтрүүлэх үйл ажиллагааг явуулж байсан аж.
Өмнөд Солонгосын албаныхан өнгөрсөн оны дөрөв, тавдугаар сард хятад иргэдийг хууль бусаар хил давуулах гэж ашигласан байж болзошгүй хэд хэдэн завийг Тэан дахь далайн эргээс олсон бөгөөд дараа нь эдгээр завийг сэжигтэн болон түүний хамсаатантай холбоотой болохыг тогтоосон байна. "Түүний үйлдсэн гэмт хэргүүд нь хилийн аюулгүй байдал, Солонгос дахь гадаадын иргэдийн менежментэд ноцтой хохирол учруулсан" гэж шүүхийн шийдвэрт дурдсан юм.
Түүнчлэн Тэжон хотын дээд шүүхээс тус хятад эрэгтэйг цагаачлал болон хөл хорионы тухай хууль тогтоомжийг зөрчсөн гэж буруутган, түүнээс 12.1 сая вон хурааж авах шийдвэр гаргажээ.
Эх сурвалж: The Korea Times
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.