УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Шүүхийн тухай хуульд хэсэгчилсэн хориг тавьсан зүйл заалтыг хэлэлцэж эхэллээ.
Шүүхийн тухай хуулинд заасан Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүдийг УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг сонгон шалгаруулж, УИХ-д санал болгох замаар томилдог болсон хуулийн зохицуулалт нь шүүхийн боловсон хүчний бодлого, сахилга хариуцлагын асуудалд улс төрийн нөлөө орох, шүүхийн хараат бус байдалд халдсан үйлдэл болсон гэж үзсэн тул Ерөнхийлөгч хуульд хэсэгчилсэн хориг тавьсан билээ.
Холбогдох байнгын хороо уг хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн. Чуулганы хуралдаанд 61 гишүүн оролцсоноос 50 гишүүн дэмжсэнээр нийт гишүүдийн 82 хувийн саналаар Ерөнхийлөгчийн хоригийг парламент хүлээн авсангүй.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуусан. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Хуулийн 77-ын 2-оор ШЕЗ, сахилгын хороог байгуулах ажлын хэсгийг байгуулах тухай асуудлыг ХЗБХ дээр нухацтай ярьсан. Нэг хүн ШЕЗ-ийг томилдог байдлаас ангижирч байгаа шүү. 2017 онд Эрүүгийн хуульд нэмэлт оруулах ажлын хэсгийг би ахалж ажилласан. Гишүүн Б.Пүрэвдорж намайг олон жил гүтгэж байна. Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотойгоор би нэг ч зарчмын зөрүүтэй санал гаргаж батлуулаагүй. Үүнийгээ ч зарлана. 2018 оны гуравдугаар сард би Дотоод хэргийн их сургууль дээр хэлэлцүүлэг зохион байгуулж хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалтаа нэн яаралтай өөрчлөөч гэсэн санал гаргасан. Хэн ч хөдлөөгүй. Зөвлөмж ч хүргүүлсэн. Жил гаруй өөрчлөөгүй. 201-01-10-ны өдөр Эрүүгийн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг дагалдуулж хөөн хэлэлцэх хугацааг буцаан тоолохгүй байх, авилга албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүсийг шүүх буцаан дуудах хуулийг оруулж ирсэн. Харамсалтай нь ҮХЦ-д нэр бүхий иргэд хандаж, дагаж мөрдөх журмын хуулиар хөөн хэлэлцэх хугацааг тоолохгүй байх аргачлалыг өөрчлүүлэх хүсэлт гаргасан. ҮХЦ бага, дунд суудлын хуралдаанаараа хүлээн авчээ. Б.Пүрэвдорж гишүүн ээ би чамайг визаны наймаачин гэж нэг ч удаа хэлж байгаагүй шүү.
УИХ-ын гишүүн Д.Ганбат: Гишүүд ээ энэ хоригийг хүлээгээд авчихья. 2017 онд Ерөнхийлөгчид нэр дэвшиж байхдаа шударга шүүхтэй байх уриа аль аль намаас гарч байсан шүү. Бүрэн эрхийнх нь хугацаа удахгүй дуусах гэж байна. Хоригийг хүлээн авахгүй бол 2024 онд их олон хүн шорон оронд явах байдал ажиглагдаж байна.
Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Ө.Шижир: Өнгөрсөн долоо хоногоос чуулганы танхимаас гишүүд ерөнхийлөгч рүү их дайрч байна. УИХ-ын чуулганы танхим та бүгдийн үг үйлдэл бүрийг хариуцлагатай байлгах ёстой.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.