АНУ-ын Умард Калифорни мужийн Сан Франциско хотын сургуулиудын удирдах зөвлөл хуралдаж нийтийн сургуулиудын нэрнээс боолчлол болоод арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл, дарлал мөлжлөгтэй холбоотой түүхэн хүмүүс, улс төрчдийн нэрийг арилгах шийдвэр гаргажээ. Тэдгээр нэрийг нь ашиглахаас татгалзсан түүхэн хүмүүсийн дунд АНУ-ын анхны Ерөнхийлөгч Жорж Вашингтон, 16 дахь Ерөнхийлөгч Арбахан Линколн, улс төрч сенатч Дианна Фейнштейн нар багтсан байна.
Олон сар үргэлжилсэн хэлэлцүүлгийн дүнд Сан Францискогийн сургуулиудын удирдах зөвлөлийн зургаан гишүүн саналыг дэмжиж, нэг гишүүн татгалзсанаар батлагдсан байна. Ингэснээр Сан Францискогийн нийтийн 44 сургуулийн нэрийг сольж, дахин шинээр нэрлэхээр болжээ.
Удирдах зөвлөлийн гишүүд сургуулиудын нэр нь цаг хугацаа, түүхийн явцад маш чухал бөгөөд ялгаварлан гадуурхах үзэл, боолчлол зэрэг зүй бус үйлдлүүдээс ангид байх ёстой гэж үзжээ. Гэхдээ зарим сургуулиуд нэрээ солихгүй хэмээн заргалдсан байна.
Харин Сан Франциско хотын дарга Лондон Брийд сургуулиудын нэрийг солих нь чухал ач холбогдолтой гэдгийг ойлгож байгаа ч цар тахлын улмаас танхимаар хичээллэхгүй байгаа энэ үед нэр солих нь нэн тэргүүний чухал асуудал биш хэмээн байр сууриа илэрхийлжээ.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.