БНХАУ-ын төрийн мэдлийн суваг CCTV-ийн мэдээлснээр тус улс коронавирусийн халдвар авсан байх өндөр эрсдэлтэй иргэдээс шинжилгээ авахдаа шулуун гэдэснээс арчдас авч байна.
Өнгөрсөн долоо хоногт нийслэл Бээжин хотод коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдсэн бөгөөд ойр орчмын хавьтагчдаас шинжилгээ авахдаа шулуун гэдэснээс арчдас авч байна гэж ССTV мэдээлжээ. Мөн халдварын тохиолдол илэрсэнтэй холбогдуулаад тусгаарлах байруудад шинжилгээ хийсэн байна.
Ойрын долоо хоногуудад БНХАУ-ын зарим хотод коронавирусийн халдварын орон нутгийн тохиолдлууд илэрч байгаа юм. Халдварын тархалтыг өргөн хүрээнд хамруулахгүйн тулд бүх нийтийг коронавирусийн шинжилгээнд хамруулах ажлыг далайцтай хийж байгаа нь үр дүнгээ өгч байгаа гэж ажиглагчид дүгнэсэн. Ингэхдээ ихэнхдээ иргэдийн хамар болон хоолойноос арчдас авахад зориулсан савханцар ашиглаж байгаа юм.
Харин шулуун гэдэснээс арчдас авах арга нь халдварыг илүү нарийн илрүүлэхэд шалгарсан арга гэж Хятадын эрх баригчид үзжээ. Учир нь Ковид-19 амьсгалын замын эрхтнүүдээс илүү шулуун гэдсэнд удаан байрладаг гэж Бээжингийн Ёюань эмнэлгийн ахлах эмч Ли Тонзен ярьсан байна. Гэхдээ шулуун гэдэснээс коронавирусийн шинжилгээ авах нь техникийн хувьд амар хялбар биш тул хамар, хоолойноос арчдас авдагтай ижил богино хугацаанд өргөн хүрээнд ашиглах боломжгүй ажээ.
Хятадад халдвар нэмэгдэж байгаатай холбогдуулаад дотоодын нислэг, иргэдийн зорчих хөдөлгөөнд тавих хязгаарлалтаа чангатгаж байна. Удахгүй цагаан сарын баяр болох гэж байгаа тул Бээжин хотод халдварын дунд болон өндөр эрсдэлтэй хотуудаас зорчигч хүлээж авахаас татгалзжээ.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.