Хятадын "Sinopharm" группийн үйлдвэрлэсэн коронавирусийн эсрэг вакцины орон нутгийн туршилтад оролцож байсан Перу улсын сайн дурын оролцогч коронавирустэй холбоотой уушгины хатгалгааны улмаас нас баржээ.
Судалгааг гүйцэтгэж байсан Кайетано Хередиа их сургууль Перугийн Эрүүл мэндийн зохицуулагчийн заавраар тус сайн дурын ажилтны мэдээллийг дэлгэн, вакцин биш плацебо тариулсан болохыг тогтоосон байна. Их сургуулийн мэдэгдэлд "Оролцогч нь плацебо хэрэглэсэн тул түүний нас барсан явдал вакцинтай холбоогүй гэдгийг онцлох нь чухал. Тиймээс бид холбогдох зохицуулалт, ёс зүйн байгууллагуудад тайлагнаж, гуравдугаар шатны судалгааны явцыг хэвийн үргэлжлүүлэх болно" гэжээ.
Талийгаач оролцогч чихрийн шижин өвчинтэй байсан гэж Кайетано Хередиа их сургуулийн ахлах судлаач Герман Малага тэмдэглэжээ. Мөн тэрээр цар тахлаар өвчилсөн тус сайн дурын оролцогчид шаардлагатай бүхий л тусламжийг үзүүлсэн гэдгийг дурдаад, "Иймэрхүү зүйл тохиолдож болно. Коронавирус бол үхэлд хүргэдэг өвчин. Сайн дурынханд өгөх бидний захиас бол өөрсдийнхөө эрүүл мэндэд анхаарах. Учир нь бид тэднийг вакцин эсвэл плацебо тариулсан эсэхийг мэдэхгүй" хэмээсэн байна.
Энэхүү туршилтын ажлын хүрээнд 12 мянган сайн дурын хүн бүрт вакцин эсвэл плацебогийн хоёр тунг тариад байгаа бөгөөд одоо тэднийг ажиглаж байгаа аж. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Перугийн судалгаанд оролцсон сайн дурын ажилтантай холбоотой "ноцтой сөрөг үзэгдэл" гарсан тул "Sinopharm"-ын вакцины туршилтыг түр хугацаагаар зогсоогоод байсан юм.
Эх сурвалж: Reuters