"Таван толгой түлш" ХК-д ажилладаг 22 настай иргэн А үйлдвэрийн ослын улмаас өнөө өглөө 06:22 цагт амиа алдсан талаар Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбооны дарга Х.Буянжаргалаас тодрууллаа.
Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбооны дарга Х.Буянжаргал: "Таван толгой түлш" ХК-нд ажилладаг 22 настай А нь холигч машин цэвэрлэхээр дотор нь орсон байсан бөгөөд нэг ажилтан нь асаасны улмаас хүний алтан амь үрэгдлээ. Амиа алдсан иргэний гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлж байна. Үйлдвэрт техник, ашиглалтын дүрмийг мөрдөөгүйн улмаас үйлдвэрийн ослоор нэг хүн амиа алдаа. Аливаа нэг холигч машиныг утрааж, дотор нь ажиллаж байгаа тохиолдолд гадна талд нь "Залгаж болохгүй" гэсэн палкат өлгөх, нэг бол харгалзах хүнийг заавал гадна нь талд байлгах хэрэгтэй.
Эрчим хүч, геологийн салбарын дүрэм журам цусаар бичигддэг. Гэтэл уг дүрэм журмыг мөрдүүлэхгүй ажиллуулсан үйлдвэр алдаа гаргасан гэж үзэж байна. Өнгөрсөн онд эрчим хүчний салбарт үйлдвэрийн ослын улмаас гурван хүн нас барсан бол он гарсаар нэг тохиолдол бүртгэгдлээ.
Тэгэхээр ажлын байранд болсон ослыг үйлдвэрийн осол хэмээн 7 зүйлд хамааруулдаг. Үйлдвэрийн ослыг нуун дарагдуулахыг хуулиар хориглодог. Цаашдаа энэ үйлдвэр, хөдөлмөр зохион байгуулалтыг шийдэхгүй бол ахиж осол гарах эрсдэл бий.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.