Зэвсэгт этгээдүүд Нигерийн нийслэл Абужа дахь асрамжийн газрын найман хүүхэд, хоёр насанд хүрэгчийг барьцаалжээ. Барьцаалагчид асрамжийн газраас 10 сая найра буюу 26,230 ам.доллар шаардаж байгаа бөгөөд барьцааны мөнгийг төлөөгүй тохиолдолд хүүхдүүдийг "үрэх болно" гэж сүрдүүлсэн байна.
Уг асрамжийн газарт насанд хүрээгүй 17 хүүхэд амьдардаг байсан бөгөөд зэвсэгт этгээдүүд өнгөрөгч бямба гарагт халджээ. Асрамжийн газрын удирдлагуудын нэг Алаже Одьюу "Тэд хүүхдүүд рүү буу тулгаж байсан. Дараа нь арай том болсон хүүхдүүдийг сонгоод, хоёр насанд хүрсэн ажилчны хамт авч явсан. Гэхдээ дараагаар нь нэг нас ч хүрээгүй нялх хүүхэд тэвэрч байсан асрагчийг хүүхдийн хамт сулласан" хэмээн ярьжээ.
Гэмт хэрэгтнүүд асрамжийн газар руу залган, барьцааны мөнгө нэхэхдээ тус байгууллагын удирдлагуудыг тэр дор нь мөнгөө төлсөнгүй гэж доромжилсон байна. Гэвч асрамжийн газарт барьцаалагч нарт өгөх мөнгө байхгүй учир хүүхдүүдийг эсэн мэнд эргэж ирээсэй гэж залбирахаас өөр аргагүй болоод байгаагаа тайлбарлажээ.
Сэжигтнүүдийг хараахан тогтоогоогүй байгаа ч цагдаа нар тэдний мөрөөр мөшгөн, хүүхдүүдийг олохоор яаравчлан ажиллаж байгаа аж. Тус бүс нутагт барьцааны мөнгөний төлөө хүн хулгайлах явдал өссөөр байгаа бөгөөд энэ удаагийн хэрэг 2014 оны харамсалтай явдлыг санагдуулж байна. Тухайн үед Чибок хотын 276 эмэгтэй хүүхэд барьцаалагдаж байсан бөгөөд охидын 100 гаруй нь хэзээ ч гэртээ эргэж ирээгүй юм.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.