Умард Европын Эстони улсын анхны эмэгтэй Ерөнхий сайд Кажа Каллас тангаргаа өргөлөө. Энэ жил 43 настай Каллас өмнөх Засгийн газар авлига хээл хахуулийн хэрэгт холбогдон огцорсны дараа шинэ Засгийн газрын танхимыг бүрдүүлж байна.
Шинээр сонгогдсон, залуухан Ерөнхий сайд хэт барууны нам засагласан хоёр жилийн хугацаанд унасан улсынхаа нэр хүндийг эргэн сэргээнэ гэдгээ амлажээ. Мөн тэрээр “хөрш орнууд, хамтрагчидтайгаа холбоо харилцаагаа дахин сэргээх бөгөөд хөрөнгө оруулалт татахад найдвартай улс орон гэдгээ харуулахыг хичээнэ” гэв.
Эстони улс 1991 онд тусгаар тогтнолоо олж авснаас хойш анх удаа эмэгтэй хүнээр Засгийн газраа удирдуулж байгаа юм. Түүний тэргүүлдэг Реформ нам 2019 онд болсон сонгуулиар олонхийн санал авч ялалт байгуулжээ.
Каллас нь хуульч мэргэжилтэй бөгөөд Реформ намыг үүсгэн байгуулагч Сим Калласын охин юм. Сим Каллас нь 2002-2003 оны хооронд улсынхаа Ерөнхий сайдаар ажиллаж байжээ. Анхны эмэгтэй Ерөнхий сайд Засгийн газрын шинэ танхимаа бүрдүүлэхийн тулд хүйсийн харилцааг чухалчилна гэдгээ мэдэгдэж, хэд хэдэн чухал албан тушаал, Сангийн болон Гадаад хэргийн сайд нараар эмэгтэй хүмүүсийг томилжээ.
Эстони улс нь төрийн болоод Засгийн газрын тэргүүнүүд нь хоёулаа эмэгтэй дэлхийн цөөн улс орнуудын нэг юм.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.