АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн долоо хоногт тангаргаа өргөж албан ажлаа хүлээж авснаас хойш анх удаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьжээ. Тэдний яриа хэд хэдэн чухал сэдвийг хөндсөн болохыг олон улсын эх сурвалжууд онцлон мэдээлж байна.
Юун түрүүнд ОХУ-ын төрийн тэргүүн Путин АНУ-ын 46 дахь шинэ Ерөнхийлөгчид баяр хүргэсэн байна. Мөн тэд Нью Старт цөмийн хөтөлбөрийн харилцан хяналт тавих гэрээний хугацаа дуусахаас хэдхэн хоногийн өмнө дахин таван жилийн хугацаатай сунгахаар санал нэгджээ. Өмнөх Ерөнхийлөгч Дональд Трамп уг гэрээг сунгахаас татгалзаж байсан юм.
Үргэлжлүүлэн Кремлийн зүгээс Путин, Байден нарын утасны дуудлагын талаар мэдээлэхдээ “олон улсын хамтын нийгэмлэгийн хүрээнд дэлхийн тогтвортой, аюулгүй байдлын төлөө хоёр улс ашиг сонирхлоо нэгтгэж, холбоо харилцаа хэвийн байлгах нь чухал гэдгийг Ерөнхийлөгч Путин онцолсон” гэлээ. Мөн удирдагчдын яриа бизнесийн хэлэлцээрийг санагдуулам шулуун шударга болсон гэж Кремлийн эрх баригчид мэдэгдэв.
Харин Цагаан ордны мэдээлж байгаагаар АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ОХУ-ын төрийн тэргүүнд хандан өнгөрсөн жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцохыг оролдсон тухай сануулсан бөгөөд сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйг баривчлан саатуулснаас үүдсэн жагсаал цуглааныг шүүмжилж байгаагаа илэрхийлсэн хэмээн мэдээлжээ. Мөн эрхэм Байден АНУ-ын аюулгүй байдал, үндэсний эрх ашгийг хамгаалахын төлөө тууштай ажиллана гэдгээ сануулсан байна.
Энэ хооронд Байден АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд Энтони Блинкений нэрийг дэвшүүлж, Сенатын 78-22 харьцаатай саналаар томилогдохоор боллоо.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.