БНСУ-ын нэрт дуучин Ким Кван Сеокийн дуу хоолойг 25 жилийн дараа тайзнаа эргэн авчрах хиймэл оюун ухааны шоуг дэлгэцэнд гаргахаар болжээ. Алдарт дуучин 25 жилийн өмнө таалал төгссөн тул түүний дуу хоолойг амьд мэт эргэн авчрах нь шүтэн бишрэгчид төдийгүй урлаг сонирхогчдыг баярлуулж байна.
Өмнөд Солонгосын SBS телевиз хиймэл оюун ухаан дээр тулгуурлан “Зууны өрсөлдөөн: Хиймэл оюун ухаан ба Хүн төрөлхтөн” цоо шинэ шоу хөтөлбөрийг энэ долоо хоногийн сүүлээр цацахаар төлөвлөж байна.
Өнгөрсөн 12 дугаар сард Mnet хөгжмийн суваг “One More Time” таалал төгссөн уран бүтээлчдэд хүндэтгэл үзүүлсэн хиймэл оюун ухааны шоу нэвтрүүлгийг цацсан билээ. Шинэ жилийн өмнөх шөнө алдарт BTS хамтлаг 2014 онд хүнд хагалгааны дараа таалал төгссөн дуучин Шин Хэ Чулын хиймэл оюун ухаанаар сэргээсэн дуу хоолойтой хамтран тоглолт сонирхуулсан юм.
Хэдийгээр хиймэл оюун ухаан ашиглан хөгжмийн ертөнцийн шүтэн бишрэгчдийг баярлуулж байгаа нь сайшаалтай ч нөгөө талаараа нас барсан хүний дуу хоолйг дахин сэргээх нь хууль эрхзүйн болоод ёсзүйн доголдолтой үйлдэл байж болзошгүй хэмээн түгшээж байна. Өнгөрсөн долоо хоногт иргэдийг хууран мэхэлж байгаа хуурамч бичлэг, дуу хоолойг цацах явдлыг эсэргүүцсэн санал хүсэлтэд 376,000 иргэн гарын үсэг зуржээ.
Ким Кван Сеок 1996 онд нас барах үедээ 31 настай байсан бөгөөд амжилтынхаа эд оргил үед байжээ. Түүний “Шинэ цэргийн захидал”, “Миний амьдралын дуу”, “Зэлүүд нутагт” зэрэг дуу нь алдартай. Зарим нь түүнийг амиа егүүтгэсэн үздэг бол зарим нь бусдын гарт амиа алдсан гэж үздэг. Хэдийгээр нэрт дуучин нас бараад олон жил өнгөрсөн ч шүтэн бишрэгчид нь түүнд хүндлэл үзүүлсээр байдаг ажээ.
SBS телевизийн шинэ шоунд зориулж нэрт дуучны дуу хоолойг дахин сэргээх ажлыг Supertone нэртэй 2020 онд байгуулагдсан Өмнөд Солонгосын стартап компани хариуцан ажиллаж байна. Тус компани Singing Voice Synthesis буюу SVS технологийг ашиглаж дууны үг, аяыг оруулах юм байна.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.