Манай улсын хувьд коронавирусийн халдварын батлагдсан тохиолдлуудыг тусгаарлан ажиглах байранд байлгаж байгаа бөгөөд хоёрдугаар хавьтагч нарыг гэрийн ажиглалт байхыг зөвлөж буй.
Энэ ч хүрээнд тухайн байрны оршин суугчаас халдвар илэрсэн тохиолдолд бүхэлд нь хамгаалалтад авч иргэдийг 14 хоног гэртээ тусгаарлах хэрэгтэй гэж ЭМЯ-наас зөвлөж байгаа.
Гэтэл БЗД-ийн 14-р хорооны "Нарт" хотхоны 94В байрны нэг оршин суугчаас халдвар илэрч тус байрны иргэдийг гэртээ 14 хоног тусгаарлахыг НОК-оос зөвлөсөн байна. Гэвч тус байрны оршин суугчид цагдаагийн хамгаалалт гараагүй, ЭМЯ-ны 11 цагийн мэдээллийн үеэр манай байрыг дурдаагүй тул халдвар илэрсэн нь худлаа хэмээн хороо, ӨЭМЭ, СӨХ-ны тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байрнаасаа чөлөөтэй орж гарч байгаа зөрчил гарч байгааг оршин суугчид манай телевизэд хандсан юм.
Энэ талаар БЗД-ийн 14-р хорооны Засаг дарга Б.Сүхцэцэг:
-Манай хорооны 94В байрны нэг оршин суугчаас сэжигтэй тохиолдол илэрч нэгдүгээр сарын 23-нд халдвартай нь батлагдсан. Ингээд нэгдүгээр сарын 24-нд НОК-оос тус байрны иргэдийг 14 хоног өөрсдийгөө тусгаарлах хэрэгтэй гэсэн зөвлөмж, мэдээлэл ирүүлсэн. Танай байранд цагдаагийн хамгаалалт авахгүй, оршин суугчид өөрсдийн ухамсраар ирэх хоёрдугаар сарын 7 хүртэл 14 хоног гэртээ тусгаарлах хэрэгтэй гэсэн. Энэ дагуу иргэдэд мэдээлэл хүргүүлсэн ч цагдаагийн хамгаалалт байхгүй, манай байрнаас халдвар илэрсэн талаар ЭМЯ-наас мэдээлээгүй гэх шалтгаанаар бид нарын тавьсан шаардлагыг хүлээн аваагүй.
Тус хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч: Энэ сарын 24-нд нийт зургаан хүний бүрэлдэхүүнтэй хоёр баг тус байрны нийт 97 хүнээс шинжилгээ авсан. Зарим айл өрх гэртээ байгаагүй учраас шинжилгээ авч чадаагүй. Энэ сарын 30-нд давтан шинжилгээ авах үедээ хамруулахаар болсон. Эхний шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан. Оршин суугчид гэнэт тусгаарлалтад орсон үед уурлаж, бухимдлаа илэрхийлж байгаа ч аль болох иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгөөд явж байна. Оршин суугч нар өдөрт хоёр удаа халуу үзэж, Өрхийн эрүүл мэндийн төвдөө ирүүлэх хэрэгтэй.
"Нарт" хотхоны 94В байрны оршин суугч: Манай байрнаас халдвар батлагдсан талаарх мэдээллийг манай гэрт мэдэгдээгүй учраас чөлөөтэй орж гарч байна. Өчигдөр бол ажилдаа яваагүй. Цагдаагийн хамгаалалт ч байхгүй, төрийн байгууллагаас ч ямар ч мэдээлэл өгөөгүй учир битүүлэг байна.
"Нарт" хотхоны 94В байрны СӨХ-ны дарга А.Отгонжаргал: Хорооноос танай байранд цагдаагийн хамгаалалт авахгүйгээр иргэд өөрсдийн ухамсраар 14 хоног тусгаарлагдах хэрэгтэй. Зарим оршин суугчид ухамсаргүй, үл тоон гэрээсээ орж, гарч байна. Батлагдсан тохиолдол ХӨСҮТ хэвтэн эмчлүүлж байгаа бол гэр бүлийнх нь тусгаарлах байранд байрлаж байгаа.
"Нарт" хотхоны 94В байрны оршин суугч: Хороо болон СӨХ-ийн фэйсбүүк хуудсанд байрны оршин суугч нарыг гэртээ байх талаар мэдээлэл өгсөн. Гэтэл зарим оршин суугч нар ухамсаргүй хандаж байна. Амралтын өдөр зарим айл өрх гэртээ байхгүй шинжилгээнд хамрагдаагүй байх. Хороо, СӨХ, ӨЭМТ-өөс өгч байгаа мэдээлэлд үнэмшихгүй, цагдаагийн хамгаалалтгүй юм чинь худлаа гэх мэтээр хандаж байна.
Эрүүл мэндийн яамнаас аль болох халдвар авсан иргэний оршин суугаа хаяг гэх мэт мэдээлэл нь хувь хүний нууцад халдаж байгаа тул олон нийтэд мэдээлэх нь зохимжгүй хэмээн үзэж байгаа. Урьд нь зарим байрны оршин суугчид манай байрыг хамгаалалт авч хүний эрхийг зөрчиж байна гэх мэтээр мэдээлж байсан. Хамгаалалт авчихлаа, хамгаалалт аваагүйд иргэд бухимдах биш. Тавьж байгаа шаардлагыг биелүүлж, халдварт өртөхгүй байхыг ЭМЯ-наас зөвлөж байгаа билээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.