Канад улсын хоёр тэрбум ам.долларын үнэлгээтэй Грийт Канад тоглоомын корпорацийн гүйцэтгэх захирал Род Бэйкер коронавирусийн эсрэг вакцинжуулалтын дүрэм зөрчсөн хэргээр ажлаасаа халагджээ.
Тэрээр эхнэр Екатеринагийн хамт алс хязгаарын Юконы бүс нутгийг зорьж, тэнд коронавирусийн эсрэг вакцин хийлгэсэн байна. Тус бүс нутагт уугуул иргэд оршин суудаг бөгөөд баруун бүстэй харьцуулахад вакцинжуулах хөтөлбөр хурдацтай явагдаж байгаа тухай мэдээлжээ.
Амжилттай яваа казиногийн бизнес эрхэлдэг томоохон компанийн гүйцэтгэх захирал Род Бэйкер эхнэрийнхээ хамт дэн буудлын ажилчдын дунд орж цар тахлаас урьдчилан сэргийлэх тарилга хийлгэсэн байна. Тэднийг өнгөрсөн долоо хоногт Бийвер Крийк жижиг сууринд вакцин хийлгэсний дараа нисэх буудал явахад нь асуулга бөглүүлж зүй бус үйлдлийг нь илрүүлжээ.
Энэ явдлыг мэдсэн Юконы Нийгмийн үйлчилгээний сайд Жон Стрейкер “амин хувиа хичээсэн энэ үйлдлийг би зэмлэн буруутгаж байна. Бидэнд хэн нэгэн вакцин хийлгэх зайлшгүй шаардлагатай хүмүүсийн урт дарааллыг зөрчиж, хууран мэхлэх үйлдэл гаргасан нь төсөөлөгдөхгүй байна” гэж мэдэгджээ.
Бэйкер болоод түүний эхнэрийг Ванкуврээс Юконд ирснийхээ дараа 14 хоногийн тусгаарлалтын дэглэм баримтлаагүй тул нэмж торгуулийн шийтгэл оноосон байна.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Шударга зөв газар сайхан юм.