Туршлагатай санхүүч Жанет Йеллен Сенатын санал хураалтаар АНУ-ын түүхэн дэх анхны эмэгтэй Сангийн сайд болжээ. Тэрээр Жо Байдены засаг захиргааны цар тахлын эсрэг эдийн засгийн хариу үйлдлийг удирдан чиглүүлэх үүргийг хүлээж байгаа юм.
Хатагтай Йеллен энэ сарын 19-ний өдөр тангараг өргөх үеэрээ Конгрессоос цар тахлын үе дэх эдийн засгийн мөнгөн тусламжийг илүү олон их наяд ам.доллароор нэмэгдүүлэн батлахыг уриалж, хууль тогтоогчид үндэсний өрийн асуудалд санаа зоволгүйгээр "Том алхам" хийх ёстой хэмээн тэмдэглэжээ.
Тэрээр мөн орлого нь буурсан олон ам бүлд ажилгүйдлийн хөтөлбөр хүрч чадахгүй байгааг онцолжээ. Харин татварыг нэмэгдүүлэх төлөвлөгөө нь АНУ-ын эдийн засгийг өрсөлдөх чадвартай болгоход шаардлагатай томоохон хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэхтэй холбоотой байх ёстой гэж тэр хэлсэн юм. Тэрээр эцэст нь "Одоо бидний анхаарах ёстой зүйл бол татварыг нэмэгдүүлэх асуудал биш. Цар тахлыг даван туулахад туслах хөтөлбөрүүдэд анхаарлаа хандуулах хэрэгтэй" хэмээсэн байна.
Жанет Йеллен өмнө нь 2014-2018 оны хооронд АНУ-ын Төв банк болох Холбооны нөөцийн газрын даргаар ажиллаж байсан. Тэрээр Төв банкны бодлого тус улсын ажилчдад хэрхэн нөлөөлж байгаа болон нэмэгдэж буй тэгш бус байдлын зардалд илүү их анхаарал хандуулдаг байснаараа алдартай байжээ. Ерөнхийлөгч асан Барак Обама 2014 онд Йелленийг Холбооны нөөцийн банкны удирдагчаар томилохоос өмнө тэрээр арван жилийн турш тус банкны Удирдах зөвлөлийн гишүүн байсан бөгөөд дөрвөн жил дэд даргаар нь ажиллаж байсан аж.
Эдийн засгийн мэргэжлийн оргилд гарсан Жанет Йеллен олон хүний дэмжлэгийг авч, эдийн засгийн ертөнцөд феминист дүр төрх болсон билээ.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.