Европын сэргээн босголт, хөгжлийн банк(ЕСБХБ) цар тахлын улмаас үйл ажиллагаа нь доголдсон Монгол Улсын жижиг, дунд бизнес эрхлэгчдэд санхүүжилт олгох боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Монголбанктай урт хугацааны төгрөг-ам.долларын своп хэлцэл байгуулахаар тохиролцсон талаар лхагва гаригт мэдээллээ.
Талуудын хооронд своп хэлцэл байгуулах ерөнхий гэрээ зурагдсан бөгөөд цаашид санхүүжилтийн хэмжээг тодорхойлох ажлууд хийгдэж байгаа аж. Санхүүжилт нь Монгол Улсын нийт хүн амын 40 хувийг орлогоор хангадаг жижиг, дунд бизнесүүдийн өрсөлдөх чадвар, санхүүгийн тогтвортой байдлыг сайжруулахад чиглэх юм байна.
ЕСБХБ-ны албан ёсны мэдээлэлд уг хэлцлийн хүрээнд зөвхөн төгрөгийн найдвартай хөрвөх чадварыг нэмэгдүүлээд зогсохгүй, хөдөө аж ахуй, барилгын материал, хөнгөн үйлдвэрлэл болон үйлчилгээний зэрэг салбарт шууд болон дотоодын зуучлагчаар дамжуулан төгрөгийн зээл олгох боломжийг бүрдүүлж байгаа талаар онцолсон юм.
Своп хэлцлийн санхүүжилт нь манай жижиг, дунд бизнес эрхлэгчдийн өөрийн хөрөнгийн хөрвөх чадвар, богино хугацааны эргэлтийн хөрөнгө, худалдааны санхүүжилтийн хэрэгцээг хангахад чиглэгдэх бөгөөд энэ нь ЕСБХБ болон Монголбанкны хамтын хүчин чармайлтын үр дүн болохыг онцолсон байна.
ЕСБХБ нь өнгөрөгч оны гуравдугаар сард “COVID-19” цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг үр нөлөөг бууруулах зорилгоор санхүүжилтийн яаралтай арга хэмжээ хэрэгжүүлж эхэлсэн анхны олон улсын санхүүгийн байгууллагуудын нэг юм. Үүний хүрээнд ЕСБХБ 2020 онд Монгол Улсын жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих төслүүдэд 150 сая гаруй еврогийн санхүүжилт олгосон байна. ЕСБХБ нь 2006 оноос хойш Монгол Улсад нийт 113 төсөлд 1.8 тэрбум еврогийн зээл, санхүүжилт олгожээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Haana bnaa? Ter demjleg ni! Zeel awah buur hezuu bolchloo!