Дэлхийн зуун сая гаруй иргэн халдварлаад байгаа коронавируст цар тахлын эсрэг хэрэглэж байгаа вакцинуудын нэг нь Оксфордын их сургууль болон АстраЗенека фирмүүдийн хамтарсан урьдчилан сэргийлэх тарилга юм. Гэвч тус вакцин ахмад настнууд буюу 65-аас дээш насныханд үр нөлөө багатай байна гэх мэдээлэл гарсан.
Үүнтэй холбогдуулаад Европын Холбоо тус үйлдвэрийн вакциныг ахмадууд хэрэглэхийг хориглох шийдвэр гаргаж болзошгүй гэдгийг эх сурвалжууд мэдээлж эхэллээ. Харин вакцин үйлдвэрлэгч АстраЗенека фирмийн зүгээс 65-аас дээш насныханд үр нөлөө муу байгаа гэх мэдээллийг эрс үгүйсгэлээ.
Их Британийн Вакцинжуулалт болон дархлаажуулалтын хамтарсан хороо уг вакциныг ахмадуудад хэрэглэх зөвшөөрлийг олгосон. Мөн уг вакцин ахмадуудын цусанд хүчтэй дархлаа тогтоож байгааг цусны шинжилгээгээр харуулсан гэж мэдээлжээ.
Германы хэвлэлүүдэд анхлан АстраЗенека болон Оксфордын хамтарсан вакцин ахмадуудад үр нөлөө багатай байгааг мэдээлжээ. Handelsblatt болон Bild хэвлэлүүдэд дээрх үйлдвэрийн вакцин 65-аас дээш насныханд 8 болон 10 хувийн үр дүнтэй байна гэсэн мэдээллийг нийтэлжээ.
Энэ хооронд коронавирусийн эсрэг вакцин нийлүүлэгчдийн нэг Пфайзер болон БиоНТек вакцины ханган нийлүүлэлт удаашралтай байгааг дуулгасан нь Европын Холбооны коронавирусийн эсрэг вакцинжуулах хөтөлбөрт ихээхэн дарамт учруулаад байгаа юм.
Эх сурвалж: Reuters
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.