УИХ дахь АН-ын бүлэг ээлжит бүлгийн хурлаа хийж дараах дөрвөн асуудлыг хэлэлцсэнээ мэдээллээ.
Ерөнхийлөгч Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд хэсэгчилсэн хориг тавьсан. Уг саналыг АН-ын бүлгээс дэмжиж, цаашид уг асуудалд нухацтай хандах хэрэгтэй гэж үзэн гурван хоногийн завсарлага авлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “өрх бүрд нэг сая төгрөг”-ийн тэтгэлэг олгох бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэх “Коронавируст халдварын цар тахлаас үүдэлтэй амьдралын доройтол, нийгэм, эдийн засгийн бэрхшээлийг даван туулах онцгой арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж, УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан. Удахгүй хаврын чуулган дуусах гэж байна. УИХ дахь МАН бүлэг Засгийн газраа огцруулаад ард түмнээ бодохгүй байна.
900 мянган өрхөд 60 мянган дотоодын аж ахуйн нэгжийн бараа бүтээгдэхүүнийг өгөхөөр хуульд заасан байгаа. Дээрээс нь 200 мянган төгрөгийг ард түмэнд бэлнээр өгөх хэрэгтэй. МАН-аас хүүхдийн мөнгийг сар болгон өгч байгаа ч тэр нь хүүхэдгүй айл өрхөд хүртээлтэй биш цаашлаад айл өрхүүдэд бэлэн мөнгөний хэрэгцээ байгаа.
Уг бэлэн мөнгөний эх үүсгэврийг оффшорын данснаас гаргах боломжтой. АТГ-ын дарга 100-200 сая ам.доллар орж байгаа талаар мэдээлсэн. Уг мөнгийг төсвийн алдагдалд зарцуулах биш ард иргэддээ өгөх хэрэгтэй.
Монгол Улсын Засгийн газар коронавирусийн вакцин худалдаж авахаар ямар нэгэн дорвитой шийдвэр гаргасангүй. Ковакс гэх хөтөлбөр болон үнэгүй вакцин авах талаар ярьж байгаа ч өнөөдрийг хүртэл ахиц дэвшил гарсан зүйл алга.
Монгол Улсын Засгийн газар коронавируст ялагдаж, огцорлоо. Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнэг томилохоор болсныг АН-ын бүлэг дэмжихгүй. Түүний хувьд түрүүний Засгийн газар хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан. Засгийн газар огцорсон гэсэн мөртлөө дотроосоо дараагийн Засгийн газраа бүрдүүлж байгаа нь 100 жилийн түүхтэй МАН-ын хувьд хүний нөөцийн бүрдүүлэлтгүй харагдаж байна.
Засгийн газарт хариуцлага тооцох биш ард түмнээрээ тохуу хийж байгааг УИХ дахь Ардчилсан намын бүлгээс үзэж байна гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.