Чилийн эрх баригчид санамсаргүй алдаа гаргаж улс орон даяар цунамийн хуурамч сэрэмжлүүлэг тарааж, ард иргэдийг нийтэд нь цочролд оруулсандаа хүлцэл өчсөн байна.
Антарктикийн хойг дахь Чилийн эрдэм шинжилгээний О’Хиггинс баазаас зүүн хойшоо 216 км-т бямба гарагийн шөнө 20 цаг 36 минутад 7,1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Чилийн Дотоод хэргийн яам уг газар хөдлөлтийн дараа цунамийн сэрэмжлүүлгийг Твиттер хуудсандаа жиргэсэн боловч алдаа гаргаж уг сэрэмжлүүлгээ улс даяар ард иргэдийн гар утас руу зурвас болгон илгээжээ.
Уг сэрэмжлүүлэгт Антарктикийн эргийн бүс нутагт байгаа хүмүүсийг цунамийн эрсдэлээс сэргийлж нүүлгэн шилжүүлэхийг уриалсан боловч улс орон даяар тарсан байна. Алдаа гаргасныхаа дараа Чилийн Үндэсний онц байдлын газраас “Бид нийт ард иргэдийг тайван байхыг уриалж байна. Улс орны өнцөг булан бүрт оршин сууж байгаа иргэдийг нүүлгэн шилжүүлэх шаардлагагүй. Уг сэрэмжлүүлэг нь Антарктикийн баазын ажилтнуудад л хамааралтай” хэмээн мэдээлжээ.
Антрактикийн цунамийн сэрэмжлүүлгийг унтраасан ба техникийн алдаанаас болж Чилийн оршин суугчдыг ийн сандаргасан гэж тайлбарласан байна. Гэвч эрх баригчдын залруулга хожимдсон байжээ. Учир нь хуурамч дохиолол дуугарсан даруйд Валпарайсо, Сантьяаго, Ла Серена зэрэг эргийн бүс нутгийн оршин суугчид хэдийнээ гэрээ орхин аюулгүй газрыг зорьжээ.
Уг явдлын дараахан Чили болон Аргентины хил дээр 5,6 магнитудын газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдэж, ард иргэдийг дахин сандаргажээ. Азаар хоёр дахь удаагийн газар хөдлөлтийн үед ямар нэг сэрэмжлүүлэг, гарз хохирол тохиогоогүй байна.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.