Франц улсын шүүхээс Жанне Пушейныг албан ёсоор нас барсан гэж үзсэн хэдий ч тэрээр сүүлийн гурван жилийн турш амьд гэдгээ нотлох гэж хичээж байгаа аж.
58 настай Жанне Луара мужийн Сэйнт Жозеф тосгонд байрлах байшингаасаа гарах зориггүй, байнгын айдастай амьдардаг байна. Тэрээр их хэмжээний өртэй бөгөөд эрх баригчид түүний автомашиныг хураан авчээ. Түүнийг нас барсан гэж зарласны улмаас Жанне нөхрийнхөө хамт хамтарсан дансаа ашиглах боломжгүй болсон байна. Тэрээр энэ талаар "Би одоо байхгүй. Би юу ч хийдэггүй .... Тагтан дээрээ суугаад л бичдэг" хэмээн ярьжээ.
Жанне Пушейныг 2017 онд Лион хотын шүүхээс нас барсан гэж тогтоосон бөгөөд ямар ч нас барсны гэрчилгээ байгаагүй хэдий ч шүүхээс ийм шийдвэр гаргасан байна. Тухайн үед Жаннегийн хуучин цэвэрлэгээний компанийн нэгэн ажилтан 20 жилийн өмнө ажлаасаа халагдсаныхаа төлөө нөхөн төлбөр авахаар хөөцөлдөж байсан бөгөөд улмаар үүссэн хуулийн маргааны төгсгөлд шүүхээс уг хачирхалтай шийдвэрийг гаргажээ.
Эхнээсээ алдаатай шийдвэрээр дүүрэн байсан шүүх хуралдаанууд Лионийн давж заалдах шатны шүүхээс Жанне Пушейныг амьд хүмүүсийн тоонд ороогүй гэсэн тогтоол гаргаснаар өндөрлөсөн байна. Мөн шүүхээс энэхүү шийдвэрийг гаргахдаа Жанне болон түүний хамаатан садны хэнийг ч шүүх хуралд дуудаагүй аж. Харин түүний нөхөр, хүү хоёр нь хуучин ажилтанд нь 17 мянган ам.долларын нөхөн төлбөр төлөх тушаалтай үлджээ.
Пушейны өмгөөлөгч Силвейн Кормье Лионы давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн гаргасан "ноцтой алдааны" улмаас гарсан шийдвэрийг хүчингүй болгох өргөдлийг энэ сарын эхээр өгчээ. Тэрээр өмнө нь ийм "галзуу" хэрэг дээр ажиллаж үзээгүй гэж тэмдэглэсэн байна. Тэрээр "Эхэндээ би үйлчлүүлэгчдээ итгэхэд хэцүү байсан" хэмээн ярьсан юм.
Эх сурвалж: The Huffington Post
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.