Ферраригийн нисгэгчдийн академид түүхэндээ анх удаа эмэгтэй нисгэгч элсэж түүх бүтээлээ. Энэ жил 16 настай, Нидерланд аав, Бельги ээжтэй Испани улсад төрсөн Майя Вег тус академийн анхны эмэгтэй нисгэгч болжээ.
Тэр Олон улсын автомашины холбоо, Ферраритай хамтран зохион байгуулсан Girls on Track – Rising Stars санаачилгын хүрээнд явуулсан шалгаруулалтад түрүүлсэн байна. Төслийн хүрээнд Францын 17 настай Дориане Пин, Бразилийн 14 настай Энтонелла Бассани, 15 настай Жулиа Аюуб нартай өрсөлдөж шилдгээр шалгарчээ.
Майя Вег энэ жил Формула 4-т уралдахаар бэлтгэлээ базааж байна. Академийн анхны эмэгтэй нисгэгчийг шалгаруулахдаа зөвхөн хурдаас гадна самбаа, тооцоолол зэргийг давхар шалгажээ. Дэлхийн таван тивээс 20 орчим өсвөрийн нисгэгчийг туршиж, сүүлчийн шатанд дөрвөн охин үлдсэнээс Майя Вег ийнхүү шалгарсан юм.
Тэрээр долоон настайгаасаа хойш хичээллэж эхэлсэн бөгөөд “Би энэ өдрийг хэзээ ч мартахгүй. Ферраригийн нисгэгчдийн академид элссэн анхны эмэгтэй нисгэгч болж байгаадаа маш их баяртай байна. Би уралдааны нисгэгч болох мөрөөдлөө биелүүлэх хамгийн чухал алхам хийсэн гэдгээ ойлголоо. Надад итгэсэн бүх хүмүүст чадах бүх зүйлээ харуулах болно” гэжээ.
Эх сурвалж: Formula 1
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.