Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас /ШӨХТГ/ өчигдөр НӨАТ-ын сугалааны тохирол явуулах ажилд хяналт хийсэн билээ. Тус газраас НӨАТ-ын сугалааг шалгах хамтарсан ажлын хэсэг гарган ажиллаж буй бөгөөд урьд нь их хэмжээний мөнгө хожсон, олон удаагийн азтан болсон хүмүүсийг шалгах ажлыг мөн явуулж байгаа юм. Энэ долоо хоногт хяналт шалгалтын дүн нэгтгэгдэх аж.
Монгол Улсын Шадар сайдад хяналт шалгалтын дүнг нэгтгэн хүргүүлэх бөгөөд, мөн НӨАТ-ын сугалааг болиулах талаар санал боловсруулж байгаа гэнэ.
Энэ талаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ "Шалгалтын дараа бид Монгол Улсын Шадар сайдад хяналт, шалгалтын дүнг нэгтгэн хүргүүлнэ. Мөн НӨАТ-ын сугалааг болиулах саналаа хүргүүлнэ. Анх НӨАТ-ын хуулийг сурталчлах, хэрэгжүүлэхэд хөшүүрэг болгох зорилготой байсан бол тодорхой цаг хугацааг туулж, хангалттай үр дүнг өгсөн гэж харж байна. Мөн тус сугалаанаас үлгэрлэн нийгэмд, ялангуяа сошиал орчинд хууль бусаар их хэмжээний азтан шалгаруулах сугалаа явагдах болсон бөгөөд төр сугалаа явуулж байгаа учраас бид ч явуулах үндэс гэж тайлбарлаж байна. Үүнээс үүдэн маш олон иргэд залилуулж байна" гэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.