Сүүний чиглэлээр үнээний фермийн аж ахуй эрхэлдэг “Дээндэй уулс” ХХК нь өнгөрсөн онд Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл хүссэн ч санхүүжилт байхгүй гэдэг шалтгаанаар өнөөдрийг хүртэл зээлээ авч чадахгүй байгаа юм. Энэ мэт 12 аж ахуйн нэгжийн зээлжих хүсэлт баталгаажсан ч санхүүжилтийн эх үүсвэр байхгүй гэдэг шалтгаанаар өнөөдрийг хүртэл зээлээ авч чадаагүй байна.
“Дээндэй уулс” ХХК-ийн захирал З.Сэлэнгэ: Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн 2020 оны сонгон шалгаруулалтад нийт 1576 аж ахуйн нэгж, төсөлд оролцсоноос 112 аж ахуйн нэгж эцсийн шатанд шалгарч. Үүнээс оноогоороо эхний 64 аж ахуйн нэгжид 9.1 тэрбум төгрөгийг хувиарласан байдаг. Үлдсэн 48 аж ахуйн нэгж санхүүжилтгүй хэмээн хасагдсан. Ингээд төрийн өндөрлөгүүдэд хандаж, Жижиг дунд үйлдвэрийн газраас 48 аж ахуйн нэгжээс 36 аж ахуйн нэгжид санхүүжилт олж өгсөн байгаа. Үлдсэн 12 аж ахуйн нэгжид санхүүжилтийн эх үүсвэр байхгүй гэдэг шалтгаанаар өнөөдрийг хүртэл зээлээ авч чадахгүй байдалтай байна.
Эх үүсвэр байхгүй гэдэг шалтгаан нь 2020 онд Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд төсөв батлаагүй. Мөн зээл авсан эргэн төлөлттэй байсан 700 гаруй ААН-ийн зээлийн төлөлтийг хойшлуулсан. Зээлийн эргэн төлөлтөөрөө 50 тэрбум төгрөг цуглуулан тэндээсээ зээлээ олгоно гэж төлөвлөж байсан юм билээ.
Тэгвэл зээл хүссэн 12 ААН-ийн зээлжих эрхийг ч хүртэл хойшлуулах эрхтэй гэж бид үзэж байгаа. Бид нар Ерөнхий сайд, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, Жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайханд хандсан ч зээл олгох боломжгүй, журамд өөрчлөлт оруулах боломжгүй гэх тайлбарыг өгсөн. Нийт 12 ААН 40-150 сая төгрөгийн нийт 1.4 тэрбум төгрөгийн зээл хүссэн.
-Хөгжлийн банкнаас УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Х.Ганхуяг нар 33 тэрбум төгрөгийн зээл олгосон. Үүнд жижиг дунд үйлдвэр эрхлэгчийн хувьд ямар байр суурьтай байна вэ?
-Манай нийгмийн шударга бус байдал харагдаж байгаа юм. Жинхэнэ ЖДҮ-чид нь хэдэн сайд нарыг царай алдаад, уйлан дуугараад зээл хүсээд явж байхад цаад талд эрх мэдэлтэй, мэдээлэлтэй ойрхон хүмүүс нь хэдэн арван тэрбумаар нь зээл аваад сууж байдаг шударга бус нийгэмд амьдарч байна.
Эрх мэдэлтэй хүмүүс нь зээл авдаг. Жинхэнэ ЖДҮ-чид нь зээл авах гэхээр хэдэн хуулийн заалт ярьчхаад боломжгүй гээд. Бид нар зөвхөн 1.4 тэрбум төгрөгийн зээл хүссэн. Жижиг дунд үйлдвэрлэгчид зээл авснаар 50-60 ажлын байр, гэр бүлийн гишүүдийн амь амьжиргаа цаана байгааг үнэндээ харахгүй байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.