СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-01-18

Ерөнхийлөгч Х.Баттулга Оюу толгой асуудлыг ҮАБЗ-өөр хэлэлцэх хүсэлтэй байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
3 жилийн өмнө

Дотоод болон гадаадын эх сурвалжууд сүүлийн үед идэвхтэй мэдээлж буй Оюу толгой төслийн асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Засгийн газарт албан тоот илгээжээ. Түүнчлэн уг асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаагаа цохон тэмдэглэсэн байна.

Тэрбээр хэлэхдээ, Оюу толгой төслийн үйл ажиллагааг улс орны нийтлэг ашиг сонирхолд нийцүүлэх нь Монгол төрийн эрхэм үүрэг, та бидэнд өгсөн Монголын ард түмний захиас даалгавар юм.

Иймд Оюу толгойн асуудлаар олон улсын арбитрын шүүхэд хянагдаж буй маргаан, холбогдох бусад асуудлаар Засгийн газрын баримталж буй байр суурь, явуулж буй бодлого болон холбогдох баримттай танилцаж Ерөнхийлөгчийн хяналт, дэмжлэгийг хэрэгжүүлэх төлөөллийг оруулж нь онцгой анхаарал татаж байна.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх эрхийг хэрэгжүүлж, ард түмний өмнө үүрэг, хариуцлага хүлээдэг төрийн тэргүүнд ийнхүү хандаж байгаа дээрх ил тод бус, гэжээ.

Иймээс 2021 оны нэгдүгээр сарын 18-ны өдрийн дотор Оюутолгойтой холбоотой бүрэн гүйцэд мэдээллийг ирүүлнэ үү гэж Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгаас Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхэд илгээсэн албан тоотыг бүрэн эхээр нь хүргэж байна.

АЛБАН БИЧИГТ:
Оюу толгой төслийн үйл ажиллагааг улс орны нийтлэг ашиг сонирхолд нийцүүлэх, үр өгөөжийг нь нэмэгдүүлэх чиглэлд ажиллах нь Монгол төрийн эрхэм үүрэг, та бидэнд өгсөн Монголын ард түмний захиас даалгавар, чин хүсэл юм.

Өнгөрсөн жил бид байгалийн баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна гэсэн Үндсэн хуулийнхаа үзэл санаа, зарчмыг улам баталгаажуулж, газрын хэвлий, түүний баялгийг албан тушаалтнууд төрийн өөрийн өмчид хамаарах сандал, ширээ мэтийн адилаар захиран зарцуулдаг байдлыг халах, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг бүрдүүлэх тухай нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуулиндаа оруулсан.

Монгол Улсын тогтвортой хөгжил, хөрөнгө оруулалт, аж ахуй эрхлэх орчны үзүүлэлт, гадаад харилцаа, олон улсын хамтын нийгэмлэг дэх байр суурь, нэр хүнд, эдийн засгийн аюулгүй байдалд нөлөөлж буй хүчин зүйлүүдийн дотор “байгалийн баялгийг шударгаар ашиглах, төр, нийтийн ашиг сонирхлыг нэн тэргүүнд баримтлан ажиллах” асуудал хамгийн чухал болсон .

Монголын ард түмэн ч мөн үүнийг та биднээс хүсэн, хүлээж байна. Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах чиглэлд Улсын Их Хурал, Засгийн газар, холбогдох төрийн болон мэргэжлийн байгууллагуудын явуулж буй үйл ажиллагааны хүрээнд онц чухал бөгөөд тулгамдсан асуудал, хүндрэлтэй нөхцөл байдал бий болсон талаар дотоод, гадаадын эх сурвалжууд мэдээлсээр байна. Тухайлбал:

-Оюу толгой төслийн хөрөнгө оруулагч талтай Засгийн газар хэлэлцээ хийж байгаа тухай;
-Оюу толгой төслийн хөрөнгө оруулагч талтай Засгийн газар олон улсын арбитрын шүүхэд маргаж буй тухай;
-Оюу толгой төсөлд хөрөнгө оруулагч гадаад улсад бүртгэлтэй хуулийн этгээдүүд өөр хоорондоо уг төслийн талаар олон улсын арбитрын шүүхэд маргаж буй тухай;
-Оюу толгой төсөлтэй холбогдуулан авлига, хээл хахууль өгч авсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэдэг үндэслэл бүхий хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанууд явагдаж байгаа тухай.
Эдгээр мэдээллээс үзэхэд Монгол Улсын эрх ашиг, Монголын ард түмний нийтлэг ашиг сонирхлыг хамгаалахад шууд хамаатай, төрийн нэгдмэл бодлого, байгууллага хоорондын нягт хамтын ажиллагаа шаардагдсан нөхцөл байдал үүссэн нь нэн тодорхой бөгөөд илэрхий байна.

Хяналтгүй, ил тод бус, хаалттай, хуйвалдааны шинжтэй ийм үйл ажиллагааны үр дүнд Дубайн хэлэлцээр шиг асуудал үүсэж, улс орноороо хохирох аюултай.

Миний бие Оюу толгойн асуудлыг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр оруулж, хэлэлцүүлэхээр төлөвлөж байна.

Иймд дурдсан асуудлуудын хүрээнд иж бүрэн, гүйцэд мэдээллийг өнөөдрийн дотор ирүүлж, зохих журмаар танилцуулна уу” гэжээ.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.