Өнөөдөр дараах таван чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд нээгдсэн. НЗДТГ-аас үйл ажиллагаа нээгдэж байгаа газрууд халдвар хамгааллын дэглэмээ чанд сахиж үйл ажиллагаагаа эрхлэхийг уриалж байгаа.
Үүнд:
Түргэн үйлчилгээний цэг, гутал засвар, хоолны үйлчилгээ эрхлэгчид ажиллаж эхэлсэндээ баяртай байна. Цалин, түрээс, талхны мөнгө гээд олон асуудлаасаа бага багаар салах боломжтой боллоо гэж тэд үзэж байна. Түүнчлэн ариутгал халдваргүйжилтийг чанд сахиулан, ахиж хаахгүй байгаасай гэж тэд хүсэж байна.
Хоолны газраар үйлчлүүлж байгаа иргэд бүртгэлийн QR кодоо уншуулах хэрэгтэйг НМХГ-аас анхааруулсан. Хоолны газрууд зай барих, хоёроос дээш хүн суухгүй байх тэмдэглэгээ, гар ариутгагч байршуулах ёстой. Бидний сурвалжлага хийсэн хоолны газрын хувьд урьд нь 11 хүн ажиллаж байсан бол есөн хүн ажиллаж, ажил орлоготойгоо залгасандаа баяртай байна гэсэн юм.
ТҮЦ үйлчилгээ үзүүлэхдээ бэлэн мөнгө хэрэглэхгүй, амны хаалтаа 2 цаг тутам солих, пос машинаа ариутгах, бээлий өмсөх шаардлагыг биелүүлж ажиллана гэсэн. Тэгвэл хүнсний мухлаг ажилуулдаг н.Нямдаваа "Сүүлийн хоёр сарын хугацаанд гэртээ байсан. Мэдээж зээл нэхэгдсэн ч тэтгэвэр болон хүүхдүүдийнхээ өгсөн мөнгөөр даваад гарсан. ТҮЦ-үүд ажиллуулж байгаад баяртай байна. Тавьж байгаа шаардлагыг биелүүлээд ажиллахад асуудал алга. Бэлэн мөнгөөр гүйлгээ хийхгүй байгаа. Өнөөдрийн хувьд хүмүүс бага үйлчлүүлж байгаа ч ажиллаж байгаа гэдэг нь давуу тал" хэмээв.
Гутал засварчин С.Хандсүрэн: Үйл ажиллагаа зогссон үед талхны мөнгөгүй хүн хулгай хийх үү, өлсөөд үхэх үү гэдэг дээрээ тулсан. Хөдөлж байж мөнгө олж байна шүү дээ. Гутлаа засуулахаар ирж байгаа хүмүүсийн гутлыг аваад засаж, дууссаны дараа утсаар дуудаад өгч байгаа тул 15 минутаас дээш нэг хүнд үйлчлэхгүй байгаа. Тавьж байгаа шаардлагыг биелүүлээд ажиллаж болохоор байна хэмээв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.